Шууд Chart

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга М.М. Гершевич тэргүүтэй төлөөлөгчдтэй уулзав

2014-11-26 11:45:59

УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга М.М. Гершевич тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. УИХ-ын дарга уулзалтын эхэнд өнгөрсөн оны долоодугаар сард болсон Монгол Улсад Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Оросын Холбооны Улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж Монгол Улсад хүрэлцэн ирж байсныг санаж байна. Мөн есдүгээр сард Буриадын Ардын хурлын эмэгтэй гишүүд манай УИХ-ын эмэгтэй гишүүдийн урилгаар айлчилсан талаар дуулгалаа.

Мөн тэрээр хоёр орон стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа өргөн хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг дуулгаад энэ онд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний айлчлалууд хэрэгжсэн талаар хэллээ. Түүнчлэн есдүгээр сарын гуравны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, зургаадугаар сарын 22-23-ны өдрүүдэд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар тус тус Монгол Улсад айлчилсан талаар онцлоод ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины ажлын айлчлалын үеэр иргэд харилцан визгүй зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Уг хэлэлцээр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болж Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд иргэдийн харилцаа, холбоо өргөжиж байна гэдгийг тэмдэглэн хэлэв. Мөн хоёр улсын хоорондын худалдааны нийт эргэлтийн 60-70 хувь нь Оросын Холбооны Улсын хил орчим, бүс нутгийн субъектуудад ноогддог тул иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улсын хил орчим, бүс нутгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 14-нээс хойш хэдхэн хоногийн хугацаанд Буриад Улсын олон иргэд манай улсад зочилсныг манай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид сэтгэл тааламжтайгаар тэмдэглэж байна. Цаашид хоёр талаас хүчин чармайлт гаргаж илүү үр ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхийн төлөө бид ажиллах болно гэдэгт итгэл төгс байна гэлээ.
 
Ноён М.М. Гершевич Монгол Улсын Их Хурлын даргыг хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд Бүгд Найрамдах Буриад Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа. Мөн хоёр улсын парламентын тэргүүн хоёр орны эдийн засаг, боловсрол, эрүүл мэндийн талаар харилцан санал солилцов.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга М.М. Гершевич тэргүүтэй төлөөлөгчдтэй уулзав  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй