Шууд Chart

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

2014-11-26 13:48:45

Сар бүр зохион байгуулдаг аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

 
Энэ үеэр өгсөн мэдээллийн дагуу ургац хураалт амжилттай дуусчсан бөгөөд урьдчилсан байдлаар 491 мянган тн үр тариа хураан авсан нь өмнөх жилүүдэд гараагүй амжилт болжээ. Хөвсгөл, Увс, Ховдын дулааны станцууд өнгөрсөн сард ашиглалтад орж үйл ажиллагаа нь жигдэрч хэрэглэгчдийг дулаанаар хангаж эхлээд байгаа аж. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын ажил дууссан, удахгүй цахилгаан эрчим хүчинд холбогдох юм байна.
 
Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбох зорилт тавьсан. Энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийг амжилттай холболоо. Дорнод аймгийн замын ажил гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйгээс гэрээт хугацаандаа орсонгүй, ирэх онд ашиглалтад оруулна. Ашиглалтад орсон замуудыг улсын комисст хүлээлгэн өгч, орон нутгийн өмчит АЗЗА-д шилжүүлэх ажлыг холбогдох яам, орон нутаг хамтран зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
 
2015 оны төсвийн онцлогийн талаар Ерөнхий сайд товч танилцуулахдаа аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг, нийслэлийн Засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой, орон тооны зөвлөхгүй байна. Хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд бүх шатны төсвөөс санхүүждэг төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд болон орлогч дарга, орон тооны зөвлөхгүй байна гэлээ.
 
Орон нутгийн төсвийн орлогыг УИХ-аас баталсан татварын хувь хэмжээний доод хязгаараар тооцсон. Орон нутаг өөрийн онцлог байдалтай уялдуулан хуулиар эрх олгогдсон зарим татварын хувь хэмжээг өсгөж тогтоосноор орон нутгийн төсвийн нийт орлогыг бүрдүүлэх юм. Энэ эх үүсвэрээс орон нутагт 51,7 тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэх боломжтой болсон байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ  
Үзсэн: 1224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй