Өнгөрсөн онд Төрийн соёрхолт, ардын зураач До.Болд тэргүүтэй Монголын гурван үеийн төлөөлөл болсон зураачид Япон улсын бэлгэдэл шүтээн болсон Фүжи уулыг дэлхийн соёлын үнэт өвд бүртгүүлэх болсонтой холбогдуулан “Шизүока Монголын найрамдалын нийгэмлэг”, “Айрис тур” ХХК нартай хамтран “Фүжи уулын 14 төрх” уран бүтээлийн аяллыг санаачлан эхлүүлсэн билээ. Тэд Японы алдарт зураачдын зурдаг тэр л газруудад нь очиж өөр өөрийн өнгө, арга барилаар Фүжи уулыг дүрслэн буулгасан үзэсгэлэнгээ энэ сарын 5-9-ний өдрүүдэд тус улсын алдарт Родины музейд уран зураг сонирхогчдод толилууллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Шизүока мужийн захиргаа, ИТХ-ын төлөөлөгчид, музейн удирдлага, соёл урлаг бизнесийн төлөөлөгчид болон япон дахь монгол улсын элчин сайдын яамны соёлын хариуцсан мэргэжилтэн Ч.Солонго болоод хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон юм.
Мөн тус үзэсгэлэнг монголд дэлгэгдэхэд Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү өөрийн биеэр хүрэлцэн ирж уран бүтээлчдэд талархал илэрхийлж байсан билээ.
Зураачид үзэсгэлэнгийн үеэр хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Хоёр улсын хооронд соёлын харилцаа тогтоосны дөчин жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү томоохон хэмжээний үзэсгэлэнг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Монгол-Японы ЭСЯ-дууд, “МИАТ” ХК, “Маршал арт” галлерей, “Бест” галлерей болон “Гэрэгт медиа” группд уран бүтээлчдийнхээ зүгээс талархал илэрхийлж байна. Монголын зураачид өөрсдийн билэг авьяас, бүтээлээрээ эх орныхоо нэрийг наран улсад бахархалтайгаар цуурайтуулж чадлаа” хэмээн ярьжээ.
Дашрамд дурдахад, зураач М.Ганзулын “Фүжи” уулыг бэлгэдэж, холимог техникээр бүтээсэн бүтээл нь алдарт Родины музейд үүрд хадгалагдан үлдэх болсон билээ.
Фүжи уулын 14 төрхийг нээсэн зураачдад төрийн соёрхолт, ардын зураач До.Болд, М.Ганзул, Г.Мөнхтуяа, Б.Ганбаатар, М.Баярмагнай, Р.Сэнгүм, Я.Оюунчимэг, Н.Одонбаяр, П.Байгал, С.Батсайхан, С.Чулуунбаатар, Б.Сарнай, Б.Ариунболор, Б.Түвшинжаргал, н.Заяасайхан нар багтаж байв.
Фүжи уулын 14 төрхийг дүрслэв | ||
Үзсэн: 6375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.