Шууд Chart

Ц.Оюунгэрэл: Монгол контент хөтөлбөрийн таван тэрбум төгрөгийг зарцуулах төслийг авч байгаа

2014-11-27 11:25:44

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулж монгол уран бүтээлийн эфирээр гарах хувийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Уг эфирт үндэсний нэвтрүүлэг, киноны эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилготой Монгол контент хөтөлбөрийг эхлүүлсэн хуулийн төслийг салбарын яамнаас өнгөрөгч зургаадугаар сард өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төслийн танилцуулгыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл танилцуулсан. Тэрээр уг хуулийн төслийг эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлж, соёл иргэншлийн аюулгүй байдлын дархлааг бий болгох, хүүхэд, залуучуудад үндэсний соёл, түүх, зан заншлаа таниулах чухал хөшүүрэг бол телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулан Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг сурталчлан таниулах, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн нөлөөллийг ашиглах  зорилготой хэмээн хэлсэн юм.
 
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ хуулийн дагуу кино театр болон үзвэрийн цэгүүдэд монгол уран бүтээлийн гарах хувийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн хэр байгаа бол гэдгийг асуусан юм. Харин салбарын сайд Ц.Оюунгэрэл кино театр болон үзвэрийн цэгүүдэд сар болгоны гарах уран бүтээл нь 40 хувь гэж тавьсан нь кино театруудын менежерүүдтэй ярьж байж гаргасан дүн учраас боломжтой гэдгийг хэлсэн.
 
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар гадаадын томоохон газар зүйн болон танин мэдэхүйн сувгуудаар Монголын талаар хийсэн нэвтрүүлгүүдийг гадаад гэсэн ангилалд оруулж хасах уу гэдгийг асуухад зохиогч, найруулагчдын аль нэг нь монгол эсвэл тухайн гарч байгаа уран бүтээлийн гуравны нэгд нь монгол хүмүүс болон Монголын талаар гарч байвал Монгол уран бүтээлд хамруулж байгаа гэсэн тайлбарыг хийлээ.
 
Түүнчлэн Ч.Хүрэлбаатар гишүүн Солонгосын болон гадаад нэвтрүүлгүүд их байгааг дэмжиж байгаа хэдий ч хажуугаар нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүүхэд залуучуудын мэдлэг чадварт сайнаар нөлөөлөх нэвтрүүлгүүдийг хасах хэрэг байна уу гэдгийг хэлсэн. Харин хууль санаачлагч шинжлэх ухаан, ерөнхий эрдмийн нэвтрүүлгүүд огт хасагдахгүй гэлээ.
 
Мөн УИХ-ын гишүүн Д.Бямбацогт монгол уран бүтээлчид л оролцсон байвал л монгол уран бүтээл гэж тооцохоор энэ нь цаанаа улс төрийн шинжтэй байвал яах вэ, үүнийг яаж зохицуулах вэ, мөн ингэж квот тогтоосноороо үндэсний зан заншлаа авч үлдэх боломжтой юу гэсэн юм. Харин салбарын сайд ингэж квот тавьснаараа үндэсний соёл зан заншлаа авч үлдсэн олон орны туршлага байдаг гэдгийг хэлээд нэвтрүүлгийн агуулгын зөрчилдөөнийг өрсөлдөөнөөр шийднэ. Төр нэвтрүүлгийн агуулгад  ямар нэг байдлаар цензур тавихгүй, харин үзэгчид өөрсдөө цензур тавина гэлээ.
 
Монгол контент хөтөлбөрт зориулж ирэх оны төсөвт таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Уг хөрөнгийг монгол уран бүтээлийг дэмжихэд зарцуулахын тулд Соёл урлагийг  хөгжүүлэх сан дээр төслүүд авч байгаа гэдгийг салбарын сайд мөн хэллээ. Монгол уран бүтээлийг хөгжүүлэх төслийг ирэх оны хоёрдугаар сарын 22 хүртэл авах бөгөөд үүний дараа телевиз, радио, цахим гэсэн талбарт ажлын хэсгүүд гарч ажиллах юм байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Оюунгэрэл: Монгол контент хөтөлбөрийн таван тэрбум төгрөгийг зарцуулах төслийг авч байгаа   
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй