Шууд Chart

“Ургацын далай” нэвтрүүлэг 50 жилээ “долгион дээрээ” тэмдэглэлээ

2014-11-28 15:39:58

МҮОНР-ийн буурал нэвтрүүлгүүдийн нэг, Монголын ард түмэнд намар болсныг зарлан тунхагладаг “Ургацын далай” нэвтрүүлэг эдүгээ 50 дахь намраа долгион дамжиж байна. Энэ нэвтрүүлгийг хийж ирсэн үе үеийн уран бүтээлчид, тариаланчид, хөдөө аж ахуйн салбарын зарим төлөөлөл, МҮОНРТ-ийн удирдлагууд өчигдөр МҮОНТ-ийн их студэд чууллаа.

 

Тухайн үедээ төр засгийн шийдвэрээр долгион дамжихаар болж 1964 онд түр редакци байгуулагдсанаар энэ нэвтрүүлгийн суурь тавигдсан гэж үздэг. Анхных нь сурвалжлагчаар Зулын Далхжав, Барсын Туяа нарын радиогийн ахмад сэтгүүлчид ажиллаж байсан бол түүнээс хойш Монголын ард түмэн андахгүй мэдэх радиогийн “бүдүүн дуут” гэж алдаршсан, Базарын Цэдэндамба есөн жил хийсэн байдаг. Мөн Монголын радио, МЗЭ-ийн даргаар ажиллаж байсан НҮБ-ын шагналт, нэрт сэтгүүлч-зохиолч, Пүрэвжавын Баярсайхан 10-аад жил голлож хийжээ. Харин одоо МҮОНР-ийн “Шинэ эрин радио”-гийн тоймч, яруу найрагч, хэлбичгийн ухааны доктор Лханаагийн Мөнхтөр 20 гаруй жил “Ургацын далай”-г эрхэлж байна. Ингээд 50 жил болж байгаа учир нэвтрүүлгийн зохиогч, редакци болоод МҮОНР түүхт ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Энэ өдөр “Ургацын далай” нэвтрүүлгийн тугийг залж,  радиогийн зарим ахмад ажилтнуудад салбарын болон сэтгүүлзүйн шагналуудыг гардуулсан юм. “Ургацын далай” нэвтрүүлэг Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн “хүндэт медаль” хүртсэн бол, нэвтрүүлгийн ахмад сэтгүүлчид Хөдөө аж ахуйн болон Радио телевизийн тэргүүний ажилтан цол тэмдэг зүүж, тариаланийн бүс нутгийн төлөөллүүд баярын үг хэлж, талархал илэрхийллээ. Энэ үеэр “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Энэ жил “Алтан түрүү” шагналыг  таван номинациар Газар тариалангийн салбарын шилдгүүдэд олголоо.

“Ургацын далай” нэвтрүүлгийн нэрэмжит 2014 оны “Алтан түрүү” шагналтууд:

1.      Шилдэг тариаланч- Д.Ганболд /Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” компанийн механикжуулагч/

2.      Шилдэг ногоочин- Баасансүрэн /Төв аймгийн Батсүмбэр сумын ногоочин/

3.      Шилдэг агрономич- Уртнасан /Дорнод аймгийн Халхгол сумын агрономич/

4.      Шилдэг инженер- Ламжав /Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Базол” компанийн инженер/

5.      Шилдэг менежер- Батсүх /Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга” компанийн захирал/ нар Монгол орны тариалангийн бүс нутаг бүрээс зорин ирж шагналаа гардлаа. “Алтан түрүү” шагналыг 1987 онд анх үүсгэн байгуулж анхны “Алтан түрүү”-г одоогийн МУГАгрономич Н.Цээрэн, С.Хундмаа нар хүртэж байсан аж.

Мөн ойн хүрээнд хагас зуун жил долгион дамжсан МҮОНР-ийн “Ургацын далай” нэвтрүүлгийн 50 жилийн түүхийг шингээсэн номыг сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр “Шинэ эриний номын сан IV цувралаар хэвлэн гаргасан юм.  Ургацын далай 50 жилээ “долгион дээрээ” тэмдэглэх энэ үдэш сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр: Энэ нэвтрүүлэг бол үеийн үед өөрөө их дайчин, зохион байгуулах авьяас шаардсан, өөрийгөө тойрсон олон бүтээлч ажил хэрэгжүүлдэг нэвтрүүлэг юм. Өөрийнхөө нэрэмжит шагналтай, дуутай, газар тариалангийн бүсэд гурвалсан уралдаан зарладаг, халз уралдаанууд зарлаж, өндөр бүтээлийн өдрүүд зохион байгуулах үүрэгтэй ийм том нэвтрүүлэг байсан. Энэ үүднээсээ ч “Ургацын далай” бол Монголын радиогийн нөлөө бүхий нэвтрүүлгүүдийн нэг гэж үздэг” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа.

Монголын газар тариалангийн эд хөгжлийн үеийг дагаж гарч ирсэн, төрийн шийдвэрээр гарсан ганц нэвтрүүлэг болох  “Ургацын далай” цаашид олон жил дуурсах нь дамжиггүй. Нэвтрүүлэг ард түмний аялж явдаг өөрийн гэсэн дуутай бөгөөд энэ дууны түүхийг сонсох ч бас таатай байлаа. Үгийг нь тус нэвтрүүлгийн анхны ерөнхий редактор Бүрэнжаргалын Дэндэв бичиж, тэр үед Монголын радиод ажиллаж байсан УГЗ Төмөрийн Чимэддорж гэж хөгжмийн зохиолч аяыг нь хийж, 1965 онд найруулагч УГЗ Л.Эрдэнэбулган дуулж байсан байгаа юм. Түүнээс хойш энэ дууг Монголын дууны урлагийн зохиолын болоод поп рокын олон сайхан дуучид амилуулсаар байна.

Хагас зуун жилийн ойгоо тэмдэглэж буй энэ өдөр ҮХААЯ-ны дэд сайд Ц.Туваан, “МҮОНРТ-ийн захирал, М.Наранбаатар, МҮОНР-ийн дарга Цэрэн-Очир, Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, МСЭ-ийн ерөнхийлөгч, СГЗ Б.Галаарид, Найруулагч СГЗ Л.Эрдэнэбулган, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, дуучин СТА Х.Батмэнд,  ахмад сэтгүүлч З.Далхжав, Б.Туяа, Д.Амбэсэлмаа тэргүүтэй зочид төлөөлөгч хүрэлцэн иржээ.

Ингээд “Ургацын далай”-гаа “долгион дээрээ” тэмдэглэж буй ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.  

 

 

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Ургацын далай” нэвтрүүлэг 50 жилээ “долгион дээрээ” тэмдэглэлээ  
Үзсэн: 1901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй