УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд энэ долоо хоногт хэлэлцэх Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаа гэдгээ хэллээ. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Галт зэвсгийн тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Учир нь хөдөө газар ганц гэрээрээ, хол байдаг малчин айлд нэг эмэгтэй хүн ч гэсэн малаа харж үлдэх тохиолдол гардаг. Ийм үед араатан амьтнаас малаа болон өөрсдийгөө хамгаалахын тулд бууг хэрэглэдэг. Харин хууль батлагдаад малчдын бууг нь хураагаад авчихвал өөрсдийгөө хамгаалах боломжгүй болно гэсэн юм. Тэгэхээр хуулийн төсөлд малчдын бууг нь хурааж авах гэхээсээ илүү тооллого бүртгэлийг сайжруулах талаар тусгах хэрэгтэй гэсэн юм.
Үүний дараа Ц.Даваасүрэн гишүүн шинээр байгуулагдах Засгийн газрын талаар байр сууриа илэрхийллээ. Бие даагч гишүүд өнгөрсөн долоо хоногт хэрэв МАН АН-тай нэгдэж МАНАН байгуулсан тохиолдолд сөрөг хүчин болно гэдгээ мэдэгдэж байсан. Өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ Ц.Даваасүрэн гишүүн хоёр дахь удаагаа МАНАН байгуулагдах нь бараг л тодорхой болчихлоо гээд ийм нөхцөлд бид ард түмний төлөө үйлчлэх сөрөг хүчин байна гэдгээ дахин илэрхийлж байна гэсэн юм.
Тэрээр мөн МАН-ыг Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болохыг эсэргүүцэж байсан хэдий ч Засгийн газарт орох болоход зөвшөөрч байгаа нь анхнаасаа зөвхөн Засгийн газарт орох хүсэлтэй байсан гэдгийг илтгэж байна гэлээ. Тэрээр мөн “Улс орноо бодно гэдэг нь заавал Засгийн газарт орсноор илэрхийлэгдэхгүй, Иргэний зориг ногоон намын хоёр гишүүн Засгийн газарт орж байхад бид гурав ч гэсэн орж болох л байсан. Гэхдээ бид атаа жөтөөгөөр хүслээ илэрхийлдэггүй, бүтээлч сөрөг хүчин байх болно” гэсэн юм.
Мөн бие даагч гишүүд ийнхүү МАНАН үүссэний цаана үндсэн гурван асуудал байна хэмээн харж байгаа ажээ.
1. МАН-д Засгийн газарт орох сонирхол анхнаасаа байсан.
2. Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газарт өрийн таазаа нэмэгдүүлэхгүй байх, “давхар дээл”-гүй сайд нарыг томилохыг сануулна.
3. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх байх. Ингэхдээ одоо байгаа хуулиас бүр дордуулах вий гэж ажй байгаа учир байнга сануулна гэсэн юм.
Ц.Даваасүрэн: Бие даагч гишүүд ч гэсэн Засгийн газарт орж болох байсан | ||
Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.