Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүдэд Засгийн газарт хамтран ажиллах саналыг хүргүүлсэн билээ. Энэ дагуу намуудаас томилогдсон ажлын хэсгийнхэн уулзаж зөвшилцсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Батчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-МАН-ын Бага хурлаар Засгийн газартай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Өнөөдөр АН-ын ҮЗХ хуралдаанаар Засагт хамтрах асуудлаа эцэслэн шийдэх үү?
-УИХ дахь АН-ын бүлгээс байгуулагдсан Засгийн газарт хамтран ажиллах УИХ суудалтай нам эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх ажлын хэсгийн ажил үргэлжилж байна. ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлгүүдтэй зөвшилцөх уулзалт хийсэн. МАН-ын бүлэгтэй тодорхой асуудлаар ойлголцох уулзалт хийгдсэн. Өнгөрсөн бямба гарагт МАН-ын Бага хурлаас Засгийн газарт хамтарч ажиллана гэсэн шийдвэр гарсан байна. Өнөөдөр АН-ын ҮЗХ, Гүйцэтгэх хороо хуралдахаар зар тараасан. Манай намын ҮЗХ-ноос намуудтай Засгийн газарт хамтарч ажиллах асуудлаар эцсийн шийдвэр тогтоолыг гаргана. Тийм учраас энэ хурлын өмнө намуудын ажлын хэсгүүд дахин уулзаж хамтарч ажиллах асуудлаа бичгээр баталгаажуулна.
-Засгийн газрын бүтцийн тухайд хэрхэн зурагдах вэ. Бүтцээ нэмэгдүүлэх үү, хасах уу?
-Өнөөдөр нам эвслийн бүлгийн ажлын хэсгийн уулзалтаар бүтцийн асуудлыг эцэслэн тохирно. Өнгөрсөн долоо хоногт хийсэн уулзалтаар Засгийн газрын бүтэц, сайд нарын томилгоо гэхээсээ илүү өнөөдөр улс орны эдийн засгийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр хүндрэлтэй, засаглалыг тогтвортой, хариуцлагатай ажиллуулах шаардлагатай байгаа учраас УИХ-д суудалтай намууд хамгийн гол нь улс төр, эдийн засгийн асуудлаар хэрхэн яаж хамтрах вэ гэдэг талаар ярьсан.
-МАН-д Засагт хичнээн суудал өгөх талаар тохиролцсон уу?
-Эхний байдлаар хийсэн ойлголцол бол Засгийн газрын бүтэц дээр тохиролцсоны дараа УИХ дахь суудлынхаа харьцаагаар намууд Засгийн газарт сайд томилно гэсэн ерөнхий ойлголцол байгаа.
-Өрийн таазыг нэмэгдүүлэхгүй гэсэн байр суурийг МАН илэрхийлсэн гэсэн?
-Өртэй холбоотойгоор тодорхой асуудлыг ойлголцсон. Нэгдүгээрт Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхгүй гэдгийг тохирсон. Өөрөөр хэлбэл нэмж бонд гаргахгүй гэсэн үг. Цаашдаа хамгийн чухал асуудал бол хувийн хэвшлээ дэмжих, эдийн засгаа сэргээх асуудал байгаа. Тийм учраас Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд шаардлагатай баталгаа гаргаж өгөх асуудлыг үгүйсгээгүй. Хоёр тал ярилцсан байгаа. Мөн өнөөдөр төсвөөс гадуур байгаа бондын зарцуулалт, Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хийгдэж байгаа санхүүжилтийг бол төсөвт оруулж нэгтгье. Өнөөдөр Монгол Улс хоёр төсөвтэй явж байна гэдэг шүүмжлэл байна. Тиймээс энэ санхүүжилтийг төсөвт нэгтгье гэдэгт тохирсон.
М.Батчимэг: Эхлээд Засгийн газрын бүтэц дээр тохиролцсоны дараа МАН-д хэдэн суудал өгөхөө шийднэ | ||
Үзсэн: 1515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.