УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс Засгийн газарт хамтарч ажиллах талаар дараах тодруулгыг авлаа.
-МАН Засгийн газарт хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Тэгэхээр эвслийн бүлгийн АН-тай хийсэн гэрээ хүчингүй болж байна уу?
-МАН Засгийн газарт хамтарч ажиллах болсонтой холбоотойгоор 2012 оны Сонгуулийн дараа АН-тай хийсэн бидний гэрээ дуусгавар болж байгаа. Одоо шинэ гэрээ хэлцэл хийгдэх шаардлагатай болсон. Энэ асуудлаа бүлгийн хуралдаан дээр ярилцана.
-Одоо хүчингүй болж байгаа гэрээнийхээ талаар тодруулаач?
-Энэ бол Шударга ёс эвслийн 2012 оны Сонгуульд орохдоо улс эх орныхоо төлөө хийх амлалтуудаа хэрэгжүүлэхэд чиглэсэн гэрээ байсан. Одоо МАН орж ирэхээр бид ийм ажлууд хийнэ гэдэг саналуудаа тавих байх. Бид ажлын хэсэгтэй нэг удаа уулзаад хоёр янзын хөтөлбөр гаргая гэж үзсэн. Нэгдүгээрт, богино хугацааны буюу 1.5 жилд хэрэгжих хөтөлбөр, хоёрдугаарт, дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр гаргаж, Засгийн газарт нам эвслүүд хамтарч ажиллая гэж санал нэгдсэн. Үүнтэй холбоотойгоор 2012 оны сонгуулийн дараа хийсэн гэрээ маань дуусаж байна. Гэхдээ энэ талаар ойрын хугацаанд АН-ын ажлын хэсэгтэй, манай ажлын хэсэг зөвшилцөнө. Яг энэ талаар бүлгийн байр сууриа сонсож, санал бодлоо нэгтгэх гэж байна.
-“Шударга ёс” эвсэл Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллаад хоёр жил гаруйн хугацааг өнгөрүүллээ. Энэ хугацаанд танай эвслийн бүлгийн мөрийн хөтөлбөр хэр хэрэгжсэн гэж үзэж байна вэ?
-Эвслийн бүлгээс Засгийн газарт дөрвөн сайд ажиллуулсан. Манай сайд нарын эрхлэх хүрээнийх нь ажлууд нилээн сайн явсан гэж бодож байна. Гэхдээ эдийн засгийн чиглэлээр бидний төлөвлөж байсан ажлууд 100 хувь биелэгдэхгүй байгаа. Сонгуульт хугацаа талдаа орчихоод байхад бидний ажил 60-70 хувьтай болчихссон байх ёстой гэдэг талаас нь харвал учир дутагдалтай зүйл нилээн бий.
-МАН Засгийн газарт орсноор танай бүлгээс Засагт орох гишүүдийн тоонд өөрчлөлт орно гэсэн мэдээлэл гараад байна л даа?
-Одоо хэлж мэдэхгүй байна. Бид нэгдсэн байр сууриа нэгтгэж байгаа. Хамгийн түрүүнд Засгийн газарт орох манай орон тооноос илүү хаана очиж, юу хийх вэ гэдэг чухал байна. 1.5 жилд багтааж хийх ажил дээр бид хэрхэн санал нэгдэж, зөвшилцөж чадах юм. Та бүхэн мэдэж байгаа, Ерөнхий сайд хамтран ажиллах тухай албан бичиг ирүүлэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай, Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль талаар асуудал хөндсөн байгаа. Дээрээс нь эдийн засгийн хямралаас гарахын тулд хэд хэдэн хуулийн өөрчлөлт дээр санал нэгдэх шаардлагатай. Энэ хүрээнд бид санал нэгдчихээд дараа нь Засгийн газарт хэдэн сайд байх юм, хэдэн яам байх юм, аль салбарт хэн орж юу хийх вэ гэдгээ ярилцана. Хугацаагаар нь аваад үзвэл энэ долоо хоногтоо багтаад бүтэц бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэх ёстой.
Н.Батцэрэг: АН-тай хийсэн эвслийн бүлгийн гэрээ хүчингүй болсон | ||
Үзсэн: 1110 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.