Шууд Chart

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзав

2014-12-02 08:22:42

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзав. Жим Андерсон уулзалтын эхэнд Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар танилцууллаа. 23.5 сая ам.долларын санхүүжилттай "Тогтвортой Амьжиргаа-III" төслийн хүрээнд Монгол Улсын хэмжээнд төслийн 1, 2 дугаар үе шатуудад хэрэгжүүлж нэвтрүүлсэн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд техникийн дэмжлэг үзүүлэх, Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг нэмэлт хөрөнгө хуваарилах замаар урамшуулах зорилготой юм байна. "Цахим эрүүл мэнд төсөл" нь 19.5 сая ам.доллараар хэрэгжих бөгөөд цахим эрүүл мэндийн мэдээллийн суурь баазыг бий болгож, мэдээллийн хэрэглээ, нэгдмэл байдлыг сайжруулж, сонгосон байгууллага, орон нутагт өвчтөний мэдээллийн нэгдсэн систем бий болгох замаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой төсөл юм. 19.4 сая ам.долларын санхүүжилттай "Ухаалаг засаг төсөл" нь Монгол Улсын Ухаалаг засаг санаачлагыг дэмжих, Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулах зорилготой юм. “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хувьд 30 сая ам.доллараар хэрэгжих бөгөөд сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад оршиж байгаа гэдгийг танилцууллаа.

УИХ-ын дарга "Тогтвортой Амьжиргаа-III" төслийг байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлж, зээл авах эрхийг нь нээж өгье, бусад гурван төслийн хувьд шинэ Засгийн газар байгуулагдсны дараа үр ашигтай байдлаар хэрэгжүүлье гэсэн саналыг хэллээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг хүлээн авч уулзав  
Үзсэн: 1248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй