Шууд Chart

Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэлнэ

2014-12-05 10:00:23

Олон улсын жүдо бөх IJF-ийн төлөвлөгөөнд тусгагдсан энэ оны сүүлийн их дуулга болох "Judo grand slam, Тokyo-2014" зургаа дахь тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд дэлхийн 65 улсын эрэгтэй 253, эмэгтэй 171, нийт 424 жүдочин зодоглох юм.

Өнөөдөр орон нутгийн цагаар 9:00-д эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд эхлэх бол нээлтийн ажиллагаа 15 цаг 30 минутаас болох юм байна. Дээрх жингийн хагас шигшээ барилдаанууд нээлтийн ажиллагааны дараа буюу орон нутгийн цагаар 16:00 цагаас эхлэх юм.

Энэ удаагийн Их дуулгад манай улсын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй 12, эмэгтэй 8 жүдоч Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од багш дасгалжуулагчийн удирдлага дор оролцож байна.

Маргааш эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жингийн дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Г.Болдбаатар, МУГM Д.Амартүвшин нар тэмцээний салхийг хагалах юм. Г.Болдбаатар эхний тойрогтоо хийлснээр АНУ-ын жүдоч Кунихиро Аарон, Узбекстаны жүдоч Урозбоев Диёорбек нарын аль ялсантай нь Их дуулгын татами дээр хүч үзэхээр болжээ. МУГТ Д.Амартүвшин эхний тойрогтоо гоц мөргөж Испанийн жүдоч Гарригос Франсискотой барилдахаар оноолт таарсан байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, Италийн тамирчин Верде Элиотой барилдахаар болсон байна.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд сүүлийн үед болсон хэд хэдэн тэмцээнд амжилт гаргасан Г.Отгонцэцэг эхний тойрогтоо хийлснээр Словенийн тамирчин Урсик Кристина, Японы тамирчин Асами Харуна нарын аль ялсантай нь Их дуулгын татами дээр хурд хүчээ сорихоор болжээ. 52 кг-ийн жингийн А.Цолмон ОХУ-ын жүдоч Рязова Юлиятай, 57 кг-ийн жингийн Д.Сумьяа эхний тойрогтоо гоц мөргөснөөр Люксембургийн жүдоч Мьюллер Марийтай татами дээр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөөр оноолт таарчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Токиогийн “Их дуулга” өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй