Шууд Chart

“Хача”-ийн жанжин штабын орлогч дарга айлчиллаа

2014-12-05 09:54:01

Монгол Улс, БНХАУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Чэнь Юн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 1-3-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь БНХАУ-ын дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, манай УИХ-ын даргын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна. Төлөөлөгчдийг БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай тус тус хүлээн авч уулзаж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын төлөв, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан ярилцаж, санал солилцов. 

Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Чэнь Юн тэргүүтэй төлөөлөгчид Батлан хамгаалах их сургуулиар зочилж, тус сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамцтай уулзан, хоёр орны цэргийн сургалтын тогтолцоо болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцсаны дараа хятад хэлний танхимаар зочлон, монгол хэл суралцаж буй хятад офицеруудтайгаа уулзан, сургалтын байдалтай нь танилцлаа.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид мөн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөр зочлон, Энхийг дэмжих ажиллагааны сургалтын үйл ажиллагаатай танилцав. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг эрх ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан, бүх түвшиний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, энхийг сахиулах, байгалийн гамшгийг арилгах чиглэлээр хамтарсан сургууль хийх зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байна.

“Хача”-ийн жанжин штабын орлогч дарга айлчиллаа  
Үзсэн: 834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй