![](/uploads/201412/news/thumb/03ae24732be72d142d61454d2c46ea77_x3.jpg)
Монголын үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг болох "Үндэсний супер лиг"-ийн 2014-2015 оны шинэ улирал амжилттай үргэлжилж байна. Лигийн анхны тоглолт долоон багийн хүрээнд эхэлж, энэ жилийн лигт эрэгтэй сагсан бөмбөгийн дээд лигийн хүчтэй багууд болох "Их өргөө Аравт", "Харцага", "SBL Хасын хүлгүүд" зэрэг таван баг өөр холбоонд харьяалагддаг тул мэдүүлгээ өгөөгүй байсан. Тэгвэл "Альянс Тэх Харцага" баг энэ жил "Дундговь-Азарганууд" нэрээр багтаа шинэчлэл хийн лигт эргэн ирлээ. "Үндэсний супер лиг"-ийн бас нэгэн онцлог нь энэ жил анх удаа эмэгтэй "супер лиг" зохион байгуулагдаж байна. Одоогоор эмэгтэй сагсан бөмбөгийн багуудаас "Баянгол Фалконс", "SBL Хасын хүлгүүд", "Таван дохио", "XZ-ШУТИС" багууд тус бүр нэг тоглолт хийгээд байна.
Ингээд өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон гурван тоглолтын мэдээллийг хүргэж байна.
XZ Sharks 64 vs SBL Хасын Хүлэгүүд – 55:67
Эмэгтэй "Үндэсний Супер Лиг"-ийн улирлын хоёр дахь тоглолт XZ Sharks 64 болон SBL Хасын Хүлэгүүд багуудын хооронд боллоо. Анх удаа зохиогдож байгаа эмэгтэйчүүдийн лигт нийт зургаан баг өрсөлдөж байгаа. О.Баярцогт дасгалжуулагчтай SBL Хасын Хүлэгүүд болон Б.Ганзориг дасгалжуулагчтай XZ Sharks багуудын энэхүү тоглолтод 67:55 харьцаатай "Хүлэгүүд" баг хожиж, лигийн эхний хожлоо авлаа. Тэднээс Ундрах 25 оноо, Өнөрзаяа 10 оноо, 5 бөмбөг таслалт, Хулан 10 оноо, Энэрэл 6 оноо, 7 самбар авчээ. Харин XZ Sharks 64 багаас Даваадаш 12 оноо, 5 самбар, Одонтуяа 11 оноо, Уянга 7 оноо, Мөнхжаргал 7 оноо авчээ.
Дорнод Танан Гарьд vs Хэнтий Чингис Сити – 95:84
Эрэгтэй "Үндэсний Супер Лиг"-т өчигдөр нэгэн онцлох тоглолт боллоо. "Үндэсний Супер Лиг"-ийн эхний аварга Ц.Чинбат эзэнтэй Дорнод Танан Гарьд баг улирлын эхний тоглолтоо хийж, өөрийн үнэнч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан. Тэдний өрсөлдөгч нь лигт шинээр дэвшин орж ирсэн Ж.Түмэн-Аюуш эзэнтэй Хэнтий Чингис Сити баг байсан юм.
Тоглолтын эхлэлийг "Дорнод Танан Гарьд" багийнхан тун гайхалтай хийсэн. Улирлын эхний тоглолтоо хийж байгаа тэд, сагсан бөмбөгөөр цангасан мэт, шидсэн бүхэн нь цагариганд орж байсан. Мөн лигийн тэргүүн тоглогчдын нэг ОУХМ Г.Ихбаярын уран гоё дамжуулалтууд, энэ өдөр СТО-нд цугласан үзэгчдийг суудлаас нь олон удаа босгосон. Тэднээс энэ тоглолтонд "Супер Лиг"-ийн финалын үнэ цэнэтэй тоглогч О.Ууганбаяр шилдэг тоглолтыг үзүүлж, 17 довтолгооныхоо 11-г нь амжилттай болгож, 27 оноо, 10 самбар авчээ. Мөн Ц.Азбаяр 15 оноо, 5 самбар, Цэрэнбат 14 оноо, 7 самбар, Б.Мөнхболд 14 оноо, 10 самбар, М.Дорждагва 11 оноо, 12 самбар, Г.Ихбаяр 7 оноо, 12 оновчтой дамжуулалт, 6 самбар авч багаараа тун гайхалтай тоглолт үзүүлжээ.
Харин "Чингис Сити" багаас легионер тоглогчид болох Gabe Moton 33 оноо, 12 самбар, 7 оновчтой дамжуулалт, Afam Moujeke 25 оноо, 7 самбар авсан бол, Дарханы шилдэг тоглогчдын нэг Алтаншагай тун дайчин тоглолт гаргаж 13 оноо, 7 самбар авсан.
Улмаар энэ тоглолтонд 95:84 харьцаатай Дорнод Танан Гарьд баг ялалт байгуулж, улирлын эхний хожлоо авч, хөгжөөн дэмжигчдэдээ бэлэг барилаа.
Дундговь Азарганууд vs Мадимос Шонхорууд – 95:91
Бас нэгэн сэтгэл сэргээсэн тоглолт "Дундговь Азарганууд" болон "Мадимос Шонхорууд" багуудын хооронд боллоо. Б.Мөнхболор эзэнтэй "Дундговь Азарганууд" баг энэ өдөр мөн л шинэ тоглогчдоор хүчээ зузаатгасан байлаа. Тэдний эгнээнд өнгөрсөн жил "Харцага багт" тоглож байсан Дорждамба, Золзаяа болон лигийн таван удаагийн аварга, мөн л "Харцага баг"-ийн шилдэгүүдийн нэг ОУХМ Цогтбаатар нар нэгдсэн байлаа. Ингэснээр "Азарганууд" багийн бүрэлдэхүүнд хуучин Харцага багт тоглож байсан 5 тоглогч нэгдэж байна.
Тоглолт тун гайхалтай өрсөлдөөнтэй өрнөсөн. Шинэ тоглогчдоор цус сэлбэж, хүчирхэгжсэн "Дундговь Азарганууд" баг тоглолтын эхнээс л оноогоор бага зэрэг хошуучилж байсан. Тэднээс легионер тоглогчид болох Andre Brown 22 оноо, 13 самбар, Carldell Johnson 15 оноо, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол экс Харцагууд болох Дорждамба 16 оноо, 7 самбар, Болортулга 15 оноо, 13 самбар, туршлагатай тоглогч Цогтбаатар холын 4 шидэлтээ оновчтой болгож, 12 оноо авчээ. Мөн Э.Дөлгөөн 10 оноо, 5 бөмбөг таслалт хийсэн байна.
Харин "Мадимос Шонхорууд" багаас Т.Санчир 39 оноо, 17 самбар авч, 6 оновчтой дамжуулалт өгсөн бол, Darin Mency 14 оноо, Г.Цэнгүүнбаяр 12 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт, А.Гансүх 9 оноо, 6 самбар, Э.Цэрэнбаатар 5 оноо, 10 самбар авчээ.
Тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Оноог тэнцүүлэх боломжтой байсан довтолгооны төгсгөлд "Шонхорууд" баг бөмбөг алдалт хийснээр, "Азарганууд" боломжийг алдалгүй ашигласан. Улмаар 95:91 харьцаатай А.Алтан-Очир дасгалжуулагчтай "Дундговь Азарганууд" баг ялалт байгуулж, улирлын хоёр дахь хожлоо авлаа. Харин "Мадимос Шонхорууд" баг хоёр хожигдол, гурван хожилтойгоор лигийг үргэлжлүүлж байна.
"Үндэсний супер лиг" амжилттай үргэлжилж байна | ||
Үзсэн: 1506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.