Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд, Конрад Аденауэрийн сан /КАС/-гийн Зүүн хойд Ази хариуцсан дарга Томислав Делинич, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханнес Рай, тус сангаас Монголд шинээр суух суурин төлөөлөгч Даниел Шмакинг нарыг хүлээн авч уулзав.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд маргааш Улаанбаатарт хотод Герман-Монголын чуулга уулзалт болох юм.
ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд Засгийн газар бүрдсэний дараа улстөрчдийн өмнө нэн түрүүнд ард түмэнд хүртээлтэй ямар үүрэг, зорилт тулгарч байгаа болон хөрөнгө оруулагчдад тустай ямар ажил хийх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ХБНГУ-аас, ялангуяа КАС-гийн шугамаар ирсэн Германы төлөөлөгчидтэй уулзахдаа ямагт баяртай байдгаа илэрхийлээд хоёр орны хоорондын соёлын харилцаа зуу шахам жил болж буйг, мөн Герман хэлээр ярьдаг хүнийхээ тоогоор Монгол Улс бүс нутагтаа ямагт тэргүүлж ирснийг дурдав. Мөн Монгол дахь Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгааг тэмдэглэж, ХБНГУ нь Европын орнуудаас Монголын ардчиллыг нэн түрүүнд дэмжиж, улс төр, эдийн засгийн хос шилжилт хийхэд хамгийн их тусалж дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ХБНГУ-ын Холбооны Канцлер А.Меркель нар өргөн харилцаатай байдгийг дурдаж Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 2015 оны хавар Германд болох аялал жуулчлалын дээд хэмжээний уулзалтад оролцох урилгатай байгаа гэдгийг хэллээ.
Шинээр бүрдэж байгаа Эвслийн Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байгаа. Одоогийн Засгийн газарт эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал тулгамдсан асуудал болж байна. Энэ чиглэлээр ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын банк, санхүүгийн байгууллага, хоёр талын байгууллагатай илэн далангүй яриа, хэлэлцээ өрнүүлж бодлогын болоод хөрөнгө, санхүүгийн тусламж авах ёстой. Гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалтын итгэлийг татах бодлого явуулах нь чухал гэдгийг мөн онцлон хэлж байв.
ХБНГУ нь Монгол Улсын гол түншийн хувьд эрчим хүчний үр өгөөжийг дээшлүүлэх, биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг уулзалтад оролцогчид тэмдэглэж байлаа. Монгол дан ганц уул уурхай бус олон төрлийн эдийн засагтай улс болохыг эрмэлзэж байгаа гээд эдийн засгийн хамтын ажиллагаанд итгэлцэл чухал гэдгийг онцолж байсан юм.
Германы Бундестагийн гишүүнийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 817 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.