Шууд Chart

Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшихийг байнгын хороо дэмжив

2014-12-09 10:35:06

Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж дэмжээд чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Засгийн газрын гишүүнээр нэр дэвшүүлсэн хоёр сайдын нэрийг тухайн үед нь УИХ-д өргөн бариагүй байсан тул байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй юм.

Иймээс УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дөнгөж сая хуралдаж Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмонг томилох асуудлыг хэлэлцэв. Тус байнгын хорооны дарга гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул байнгын хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Н.Энхболд даргалан хуралдуулсан юм.
 
Сайдад нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Ц.Цолмон нь инженер, дипломатч мэргэжилтэй, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолтой. Засгийн газрын гишүүн, Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан төрийн туршлагатай албан хаагч учраас энэ албан тушаалд томилуулахаар санал болгож буйгаа Ерөнхий сайд танилцуулгадаа дурдав.
 
Ерөнхий сайдын танилцуулгатай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд сайдад нэр дэвшигчийг санал нэгтэй дэмжив. Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшигчдийг томилох асуудлыг УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшихийг байнгын хороо дэмжив  
Үзсэн: 1022 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй