УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад МАН-ын гишүүн Д.Оюунхоролыг томилох асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын гишүүнийг томилохтой холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.
Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей сайд болсныхоо дараа нэн түрүүнд ямар ажлыг хийх вэ гэдгийг асуусан. Үүнийхээ дараа “МАН Засгийн газрын бүтцийг том байна гэж ярьж байсан хэрнээ одоо ингээд хамтарч байгаа нь ямар үр дүн авчрах вэ гэдэг нь сонин байна” гэсэн юм. Мөн хамтарсан үедээ ямар нэг шийдвэр гаргачихаад сүүлд нь тэрийгээ муу байсан, нөгөө намаас болсон гэж буруутгадаг нь Оюутолгойн жишээгээр харагдаж байна гэлээ.
Харин Д.Оюунхорол гишүүн Оюутолгойн гэрээг хамтарсан Засгийн газрын үед байгуулсан хамгийн сайн гэрээнүүдийн нэг гэж боддог гэдгээ хэлсэн юм. Мөн Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болсныхоо дараа нэн түрүүлж агаарын бохирдлын эсрэг ажлыг үргэлжлүүлэхээс гална байгалийн нөөцийг ашиглаж байгаа бүх субьектуудын хариуцлагыг нэмэгдүүлэх ажил дээр анхаарна гэдгээ хэлсэн.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин Д.Оюунхорол гишүүнийг сайд болсныхоо дараа С.Оюун гишүүнтэй хамтарч ажиллана байх гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Д.Оюунхорол гишүүнийг сайд болсныхоо дараа хэд хэдэн зүйлүүдийг анхаарч ажиллах хэрэгтэй байна гэсэн юм. Тухайлбал, хууль бусаар газар олгож байгаа асуудлыг цэгцлэх, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэх, урт нэртэй хуулийг цаашид хэрхэх вэ гэдэг асуудлуудыг шийдээрэй хэмээн захисан юм. Мөн УИХ-ын гишүүн Г.Уянга урт нэртэй хуулийн төслийг яаравчлан хэлэлцэхийг сануулж дэмжиж буйгаа хэллээ.
Ингээд Д.Оюунхоролыг Засгийн газрын гишүүнээр томилох талаар гишүүдийн саналыг хураахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 54 нь буюу 93.1 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Байгаль, орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд болж байна.
Д.Оюунхорол БОНХАЖ-ын сайдаар томилогдлоо | ||
Үзсэн: 1279 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.