УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Сангийн сайдад нэр дэвшсэн Ж.Эрдэнэбатыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцуулсан юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдчихсан. Тэгэхээр эдийн засгийн болон төсвийн бодлогын уялдаа холбоо ямар байх вэ, үүнийг аяж уялдуулж авч явах вэ" гэдгийг нэр дэвшигчээс асуусан юм. Харин нэр дэвшигч Ж.Эрдэнэбат эхлээд эдийн засаг яагаад суларсан талаар судалгаа хийж үүний дараа хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулж ажиллана гэсэн юм. Мөн төсвийг аль болох бодитой төлөвлөж ажиллана гэлээ.
Б.Гарамгайбаатар гишүүн “МАН-ын бүлгийн дарга өчигдөр АН гуйсан учраас засагт орж ажиллаж байгаа гэж мэдэгдсэн. Тэгэхээр та бас гуйлгаж Засгийн газарт орж ирж байгаа юу эсвэл үнэхээр эдийн засгийг сайжруулахын тулд сайд болох гэж байна уу” гэдгийг асуулаа. Ж.Эрдэнэбат “Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, хямралын байдалтай болсон учраас намын удирдах дээд байгууллага хэлэлцээд энэ удаад улс эх орноо бодоод хамтарч ажиллах шийдвэр гаргасан. Миний хувьд намын удирдах дээд байгууллагынхаа шийдвэрийг хүлээн авч ажиллаж байна” гэсэн юм.
Н.Батцэрэг гишүүн Ж.Эрдэнэбатыг дэмжиж байгаа гэдгээ хэлээд 2015 оны Төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх талаар асуусан юм. Хэрэв Сангийн сайдаар томилогдвол хамгийн эхэнд хийх ёстой ажил нь 2014 болон 2015 оны төсвийн тодотгол байгаа. Ажлаа авсан даруйдаа энэ асуудлыг боловсруулж оруулж ирнэ гэдгээ Ж.Эрдэнэбат хэллээ. Мөн эдийн засгийн хямралаас гарахын тулд эхний ээлжинд өөрсдөө боломжит бүх арга хэмжээгээ авч хэрэгжүүлнэ. Цаашдаа шаардлагатай гэвэл гадаадын мэргэжилтэн, байгууллагуудын тусламжийг авч болно гэсэн юм.
Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 93.1 хувийн саналаар Ж.Эрдэнэбат Сангийн сайд боллоо.
Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдлоо | ||
Үзсэн: 1400 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.