Шууд Chart

Ардчиллын 25 жилийн ойд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэв

2014-12-10 13:36:35

Ардчилсан хувьсгал үүсч, Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан  уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Л.Пүрэвжав, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглов. Цолоор нь ангилбал улсын аварга хоёр, улсын арслан гурав, улсын гарьд нэг, улсын заан дөрөв, улсын харцага 10, улсын начин 23, аймаг, цэргийн арслан 52, аймаг, цэргийн заан 12, аймаг, цэргийн харцага 30, аймаг, цэргийн начин 71, шилдэг сумын заан 16 бөх байв. 

Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаны 25 жилийн ойн барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат Увс нуур дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ийн бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Харин энэ барилдааны дунд шөвөгт аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Э.Даш нар ижил цолтнуудаасаа илүү сайн барилдаж  том цолтнуудтай үлдсэн бөгөөд Б.Эрдэнэхүү арслан а.н О.Түмэндэмбэрэл, а.а Н.Золбоо, у.н Ц.Одбаяр, у.з М.Өсөхбаяр, у.х Л.Пүрэвжав нараар тав даваад үзүүр бөх улсын арслан П.Бүрэнтөгсд унасан бол Э.Даш арслан а.н Я.Алтантулга, а.а Б.Дэлгэрсайхан, у.х Б.Пүрэвсайхан, у.а Н.Батсуурь, у.х А.Цацабшир нараар тав даваад улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд унасан юм.

Барилдааны нэгийн даваанд улсын харцага Т.Мөнгөнцоож Өвөрхангай аймгийн харьяат Их Монголын хүчтэн дэвжээний бөх сумын заан Ж.Бямбадоньдод, улсын начин Б.Баянмөнх аймгийн начин Г.Ганбаатарт, улсын начин П.Ганхүү аймгийн начин Ц.Заяатүшигт тус тус өвдөг шороодов. Энэ даваанд барилдсан шилдэг 16 сумын заанаас ганцаараа нэг давсан Их Монголын хүчтэн дэвжээний сумын заан Ж.Бямбадоньд хоёрын даваанд зүүний магнай улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодож, гурвын даваанд Л.Пүрэвжав харцагад тахим буулгав.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Ардчиллын 25 жилийн ойд Г.Эрхэмбаяр аварга түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэв  
Үзсэн: 2132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй