Шууд Chart

Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014-12-10 16:25:17

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төсөлд номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох харилцааг зохицуулахаар тусгасан байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж үзэж байгаа юм.
 
Хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулсныг гишүүдийн олонх дэмжив. Харин УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Иргэд аль ч номын санд үйлчлүүлж болно” гэсэн саналын томьёолол шинээр гаргасныг хуулийн төсөлд нэмж тусгуулахаар санал хураалт явуулсан ч гишүүдийн олонх уг саналыг дэмжих боломжгүй гэж үзлээ.
 
Мөн хуралдаанаар Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжиж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг томилсон бол Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг томилов.
 
Түүнчлэн тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Ажлын хэсгээс тогтоолын төслийг энэ удаад хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасныг хүлээн авч уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр тогтлоо.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй