![](/uploads/201412/news/thumb/dc6f0d2e84a0b42d50e88176e2228056_x3.jpg)
Монакогийн “Гримальди Форум” төвд өчигдөр Олон Улсын Олимпийн Хорооны ээлжит бус 127 дугаар чуулган нээлтээ хийж, ерөнхийлөгч Томас Бахын 40 шинэ санал, санаачилга бүхий мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ. Томас Бахын дэвшүүлсэн саналууд нь олимпизмийн түүхэнд томоохон өөрчлөлт оруулахаар төлөвтэй. Тухайлбал, олимпийн наадамд оролцох тамирчдын тоо болон багц медалийн тоонд дээд хязгаарыг тавьж, баталсан байна.
Зуны олимпийн наадмын багц медалийн тоог 310-аас давуулахгүй байх, оролцох тамирчдын тоог 10500-гаас хэтрүүлэхгүй байхаар тогтжээ. Харин өвлийн наадмын багц медалийн тоог 100-гаас давуулахгүй, оролцох тамирчдын тоог 2900-гаас хэтрүүлэхгүй байхаар болсон байна.
Үүнийг сүүлчийн олимпоор жишиж үзвэл, Лондоны олимпийн наадамд 10956 тамирчин, 302 багц медалийн төлөө өрсөлдсөн. Тэгэхээр ирэх олимпийн наадмуудад оролцох тамирчдын тоо Лондоны наадмынхаас цөөн байх ёстой болж байгаа юм. Харин багц медалийн тоо Лондоны олимпийн наадмынхаас наймаар нэмэгдэж болох ажээ. Ингэснээр олимпийн наадамд оролцох эрх авах өрсөлдөөн улам ширүүсч чанар өсөх магадлалтай.
Мөн Томас Бах олимпийн хөдөлгөөний түүхэнд маш чухал гэж өөрийнхөө онцлосон нэгэн санал дэвшүүлсэн нь Олимпийн телевизийн суваг байгуулах байлаа. Тэрбээр олимпийн телевиз байгуулахад 490 сая еврог зарлагадахаа мэдэгдсэн юм. Тус телевизийн үндсэн хэл нь англи хэл байх бөгөөд бүс нутгуудад тухайн орных нь хэлээр мэдээ, мэдээллээ цацдаг байхаар төлөвлөж байна.
Үүний зэрэгцээ Томас Бах тамирчдын шударга өрсөлдөөнийг хангахын тулд буюу допинг болон авлига, тохиролцсон тоглолтуудын эсрэг үйл ажиллагааг чангатгахын тулд 20 сая еврог зарцуулахаар болсон аж. Мөн онцгой тохиолдолд олимпийн наадмын зарим уралдаан тэмцээнийг зохион байгуулагч орноос өөр улсад явуулж болох тухай заалт оржээ.
Чуулганы үеэр хөндөгдсөн бас нэг асуудал нь хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах байлаа. Олимпийн хөдөлгөөнд эмэгтэйчүүдийн оролцоог эрчүүдийнхтэй тэнцэтгэж, 50 хувь байлгахыг хичээх хэрэгтэйг Томас Бах санал болгожээ. Мөн олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй холимог хосын төрлийг нэмж оруулах шаардлагатайг дурдсан байна. ОУОХ-ны 127 дугаар чуулган өнөөдөр өндөрлөх юм.
Олимпид өрсөлдөх тамирчид болон медалийн тоог цөөлжээ | ||
Үзсэн: 1410 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.