Шууд Chart

Энэ оны төсвийг тодотгохоор өргөн барилаа

2014-12-12 08:45:52

Сангийн сайд Ж.Эрдэнэбат өчигдөр 2014 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Нийгмийн даатгалын сангийн, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барилаа.

УИХ-ын 2014 оны 12 дугаар сарын дөрөвний өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд батлагдсан. Засгийн газрын бүтцийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлт болон төсвийн хэрэгжилтийн явцад үүссэн шаардлагатай бусад зохицуулалтыг тусгах зорилгоор Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.
 
Нийгмийн даатгалын сангийн эхний 10 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдаж буй иргэдийн тооны өсөлттэй холбоотойгоор нийгмийн даатгалын сангийн зардлыг 21.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагааны зардлыг 0.1 тэрбум төгрөгөөр бууруулж, нийт цэвэр дүнгээр 21.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байгааг танилцуулсан.
 
Мөн Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дараах өөрчлөлтүүд тусгагдсан байна. Үүнд: Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Хүний хөгжил санд төвлөрүүлэх ногдол ашгийг төвлөрүүлэх төсвийн ерөнхийлөн захирагчийг Монгол Улсын Ерөнхий сайд болгон өөрчлөх, Оюутолгойн ордыг ашиглахтай холбогдуулан авсан 250.0 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн хүүд 2014 онд бэлэн мөнгөөр 15.0 сая ам.доллар, татварын орлогоор 3.5 сая нийт 18.5 сая ам.долларын төлсөнтэй холбоотой ХХС-гийн зээлийн үйлчилгээний төлбөрийг ханшийн өсөлтөөс хамааруулан 7.433.8 сая төгрөгөөр нэмж батлуулах, Сангийн 2012 оны төсөвт гаргасан бондын үндсэн төлбөрт төлөх хэмжээг 21.413.3 сая төгрөгөөр нэмж батлуулах, Хүний хөгжил сангаас хаах урьдчилгаа төлбөрийн цэвэр дүнг 81.537.5 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, Хүний хөгжил сангийн урьдчилгаа төлбөрт хаагдаж байгаа улсын төсвийн орлогын хэмжээг 119.145.8 сая төгрөгөөр бууруулах, Хүний хөгжил сангийн 2014 оны төсөвт нэмж 320.000.0 сая төгрөгийн бонд гаргахаар тус тус төсвийн тодотголд тусгажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Энэ оны төсвийг тодотгохоор өргөн барилаа  
Үзсэн: 1571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй