Шууд Chart

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв

2014-12-12 08:49:07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийв. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хуулийн хэлтсийн дарга Алтанцэцэг Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар танилцуулга хийсэн юм.Сүүлийн 50 жилд уул уурхайг эс тооцвол Монгол Улсын экспортын бүтцэд өөрчлөлт ороогүй байна. Иймд экспортыг нэмэгдүүлэх,импортыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт тарьж ургуулсан, өсгөж үржүүлсэн, олборлосон түүхий эдээр үнэ цэнэ шингээж боловсруулалт хийсэн экспортын бэлэн бүтээгдэхүүний болон дараагийн шатны үйлдвэрлэлийн түүхий эд, материалын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих харилцаанд уг хууль үйлчилнэ гэж төсөл санаачлагчид үзсэн байна.
 
Үйлдвэрлэлийг дэмжихдээ олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 90-ээс дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт сүүлийн 3 жилд оруулсан хөрөнгө оруулалтынх нь 50 хувьд төрөөс 10 жилийн хугацаатай хүүгүй зээл нэг удаа олгох, өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлыг нэг удаа улсын төсвөөс буцааж олгохоор хуулийн төсөлд тусгажээ.
 
Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжсэн үйл ажиллагаагаа дараа оны 1-р улиралд багтаан УИХ-д тайлагнаж байх, дотоодын үйлдвэрийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан тайлан, үйлдвэрт олгосон дэмжлэгийн тайлан, тарифын болон тарифын бус тайланг тайлагнаж байхаар мөн тусгасан байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй