Шууд Chart

Н.Батцэрэг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа

2014-12-15 12:10:24

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж хуралдсан байна. Энэ талаар дөнгөж сая эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ.

Тус бүлэг хуралдаанаараа Зөвшөөрлийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуулийн төслүүдийг хэлэлцжээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг энэ долоо хоногт холбогдох байнгын хороодоор анхны хэлэлцүүлгийг хийх юм. Бүлгийн дарга Н.Батцэрэгийн хэлснээр манай улсад нийт 54 байгууллагаас 914 төрлийн зөвшөөрөл олгодог байна. Энэ олон төрлийн зөвшөөрөл олгох нь бизнест хүндрэл учруулдаг, заримдаа хувийн ашиг сонирхолд нөлөөлж авлига үүсдэг хэмээн олон нийт болон бизнес эрхлэгчдийн зүгээс их шүүмжлэл гардаг байна. Тиймээс тусгай зөвшөөрлийн тоог багасгах асуудлыг бүлгийн нийт гишүүд дэмжиж байгаа ажээ.
 
Гэхдээ зөвшөөрлийг багасгах асуудлыг хэтрүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй хэмээн үзсэн байна. Тиймээс өнөөдөр болсон бүлгийн хуралдааны үеэр мэргэжлийн зарим байгууллагуудын гишүүдийг урьж оролцуулан хуулийн төслийн талаарх санал зөвлөмжийг сонссон байна. Тодруулбал, Монгол Барилгачдын холбооны удирдлагууд, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны удирдлагууд, мөн Барилгачдын төрийн бус байгууллагуудын нэгдсэн эвлэлийн тэргүүнүүдтэй уулзжээ. Ингэхэд манай улсад чухалд тооцогдох барилгын салбарын, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын тусгай зөвшөөрлийн асуудлыг сайтар нягталж байж тоог нь цөөлөх хэрэгтэй хэмээжээ. Жишээ нь, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид энэ салбарт долоон төрлийн тусгай зөвшөөрөл нэмэх хэрэгтэй хэмээсэн байна. Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлэг зөвшөөрлийн тоог багасгах асуудлыг салбар бүрээр нь сайтар нягталж үзэх хэрэгтэй гэсэн байр суурьт нэгджээ.
 
Үүнээс гадна эвслийн бүлэг өнөөдөр өнгөрөгч долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Нийтийн сонсголын тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр гишүүд уг хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд харин мөрдөн байцаах сонсголын талаар хуульч гишүүд нь дахин судалж үзэх шаардлагатай хэмээжээ. Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, иргэд Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу төрийн эрх мэдэлд шууд болон шууд бусаар оролцох оролцоог нэмэгдүүлэх тухай заасан юм.
 
Үүнээс гадна бүлгийн дарга Н.Батцэрэг “2014 болон 2015 оны Төсвийг тодотгох тухай хуулийн төслүүдийн зарим нь УИХ-д орж ирсэн, зарим нь Засгийн газрын түвшинд явж байгаа. Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед эдийн засгийн хуулиудаа хурдан гаргах, төсөв санхүүгийн оновчтой бүтцийг бий болгоход манай бүлэг анхаарч ажиллана” гэж мэдэгдлээ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батцэрэг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжиж байгаа   
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй