Шууд Chart

МАН дэд сайд нарыг өрсөлдүүлэх зарчим баримталж сонгоно гэв

2014-12-15 15:39:25

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралд МАН-аас Засгийн газрын гишүүнээр томилогдсон зургаан сайд оролцсон байна.

Мөн бүлгийн хуралдаанаар 2014 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар Сангийн сайд Ж.Эрдэнэбатаас мэдээлэл сонсчээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “Өнөөдөр улс орны санхүү төсөв маш хүнд байдалтай байна. Монгол Улсын Төрийн сан -717 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Засгийн газрын дотоод өр 2.4 их наяд төгрөг, Засгийн газрын Төрийн сангийн үлдэгдэл нийтдээ 3.1 их наяд төгрөгийн өртэй байна. Үүнтэй холбогдуулж Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж Монгол Улсын санхүү эдийн засгийн байдалд бодит дүгнэлт өгөхөөр болсон. Мөн Чингис, Самурай бонд, Хөгжлийн банкны зарцуулалтыг ил тод болгох талаар ажлын хэсэг байгуулна” гэсэн юм.
 
Энэ оны төсвийн тодотголын талаар Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Ажлаа аваад удаагүй байна. Бид Засгийн газрын бүтэцтэй холбогдуулаад мөн зайлшгүй санхүүжүүлэх зардалтай холбогдуулаад 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Ер нь байдал хүндхэн байна. Маш олон санхүүжих зардлууд ар араасаа хүлээлттэй байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 63 хувьтай байна. 12 дугаар сарын үлдсэн арван хэдхэн хоногт 600 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг зайлшгүй хийх шаардлага тулгараад байна. Манайд орлого төвлөрүүлдэг хэдэн байгууллага байдаг. Энэ байгууллагуудын хувьд 12 сард төвлөрүүлэх орлогоо бүрэн төвлөрүүлнэ гэдгийг хэлсэн. Харамсалтай нь өмнө нь орлогын төлөвлөгөө маань нэг их наяд гаруй төгрөгөөр тасраад явчихсан байгаа болохоор энэ нэг их наяд төгрөгийн зарцуулалтыг бүрдүүлж гаргах нь хүндрэлтэй байна” гэлээ.
 
Мөн бүлгийн өнөөдрийн хурлаар дэд сайдад нэр дэвшигчдийн талаар ярьсан байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад, “Дэд сайд болох хүсэлтээ илэрхийлсэн МАН-ын гишүүн олон байгаа. Тэр хүмүүсийг ямар байдлаар нэр дэвшүүлэх вэ, ямар шалгуур тавих вэ гэдэг талаараа МАН-ын дарга М.Энхболд бүлгийн гишүүдэд танилцуулга хийсэн. Дэд сайд нарыг өрсөлдүүлэх зарчим баримтална. Гэхдээ дэд сайд маань урьд өмнө хийж байсан ажлын туршлага, боловсрол нь юу вэ, МАН-ын төлөө сэтгэл зүрхээ гаргаад хөдөлмөрлөж байсан уу, үгүй юу гэх зэрэг олон шалгуурыг тавьж байж дэд сайдад нэр дэвшигч нарыг тодруулж өрсөлдүүлнэ” гэлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН дэд сайд нарыг өрсөлдүүлэх зарчим баримталж сонгоно гэв  
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй