Шууд Chart

Шилэн дансны тухай хуулийг ирэх сараас хэрэгжүүлнэ

2014-12-16 12:41:46

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг  УИХ өнгөрөгч долоодугаар сарын нэгний өдөр баталсан. Энэ хууль 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд хуулийн дагуу улс болон орон нутгийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн тайлан, дараа оны төсвийн төсөл зэргийг олон нийтэд ил тод мэдээллэх юм. Ингэхдээ шилэн дансны нэгдсэн нэг цахим хуудастай байж, хуудсыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрхлэн хөтлөх юм.

Шилэн дансны тухай хуульд Засгийн газар цахим хуудсанд тавигдах нийтлэг стандарт, агуулга, мэдээлэл тавих журам, хэлбэрийг тогтоохоор заасны дагуу “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-ыг баталлаа. Журам батлагдсантай холбоотойгоор сургалтын гарын авлагыг бэлтгэж, төсвийн ерөнхийлөн захирагч нарт сургалт явуулах, байгууллага бүр Үндэсний Дата төв УТҮГ-аас гаргасан жишиг шилэн дансны цэсийг өөрийн цахим хуудсандаа холбох, цахим хуудасгүй байгууллагуудын шилэн дансны мэдээллийг шилэн дансны нэгдсэн цахим хуудаст оруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг Засгийн газраас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор зохион байгуулахыг холбогдох сайд, дарга нарт даалгалаа.
 
“Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам” нь найман зүйлээс бүрдэж байгаа бөгөөд 1, 2, 3 дугаар  зүйлд ерөнхий мэдээлэл, баримтлах зарчим болон нэр томъёоны тайлбар, 4, 5, 6 дугаар зүйлээр хууль хэрэгжүүлэх байгууллагын олон нийтэд мэдээллэх мэдээллийн стандарт, агуулгыг тогтоожээ. Энэ хууль хэрэгжсэнээр төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангасан эрх зүйн нэгдмэл орчин бүрдэж, татвар төлөгчдийн хөрөнгө болон төрийн өмчийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд захиран зарцуулах байдал тодорхой түвшинд буурна гэж үзэж байгаа ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шилэн дансны тухай хуулийг ирэх сараас хэрэгжүүлнэ  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй