Өнгөрсөн Баасан гарагаас эхэлсэн Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх "10000 морьины жагсаал", “Монгол морь-3000” уралдааны арга хэмжээний хүрээнд өчигдөр буюу Бямба гарагт хурдан морьдын уралдаанд нутаг нутгийн 4279 хурдан хүлгүүд бүртгүүлж гараанаас гарснаас 4249 морь барианд орлоо. Морьд 18 километрийн зайнаас шандас сорьсноос улсын наадамд аман хүзүүдэж, давхар уяагаар “Их хурд-6” уралдаанд гуравт хурдалсан Ц.Энхтайваны хонгор халзан морь түрүүлжээ.
Харин аман хүзүүнд Монгол улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон хурдалсан бол Архангай аймгийн харьяат Д.Жаргалсайханы буурал морь гуравт хурдалсан байна. Мөн Дундговь аймгийн Алдарт уяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга дөрөвт, Ховд аймгийн харьяат Б.Ерөөлтийн зээрд халзан морь айргийн тавд оржээ. Б.Ерөөлтийн энэхүү халзан морь энэ цагийн шилмэл хурдан хүлэг гэдгээ нотлон харуулж энэ удаагийн уралдаантай нийлээд энэ жил зохиогдсон зургаан том уралдааны түрүү, аман хүзүү, айрагт хурдалсан гайхам амжилтыг үзүүллээ.
Ийнхүү төв Азийн нүүдэлчин монголчууд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнө нь Малайз улсад 2228 морины уралдаан зохиогдож байсан түүхтэй юм. Дашрамд дурьдахад энэхүү уралдаанд 26 хүүхэд мориноос унасан бөгөөд ямар нэгэн бэртэл гэмтэл аваагүй гэдгийг зохион байгуулах комисс онцолж байлаа.
Энхтайваны хонгор халзан түрүүлжээ | ||
Үзсэн: 2492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.