Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Европын холбооны олон улсын зөвлөх Мел Каусэнтай уулзав.
Ноён Мел Каусэнэнэ үеэр "Европын холбооноос Монгол Улсад олон төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Тэдгээрийн нэг болох Мэргэжлийн боловсролыг дэмжих төслийн эхний шат энэ онд амжилттай дуусч байгаа бөгөөд хоёрдугаар шат нь эхлэхээр болсон" гэсэн юм. мөн цаашид энэ мэт олон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагийн нэг нь Европын холбооны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Монголд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл хэрэгжүүлэх болсныг дуулгав. Тэрээр дээрх төслийн боловсруулалтыг хийхээр Монгол Улсад ажиллаж байгаагаа танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Д.Батцогт “Монгол Улсын Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ахиц гаргах, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс Хөдөлмөрийн яам байгуулаад ажиллаж байна. Тус яамнаас ойрын хугацаанд Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барих юм. 2025 он хүртэл гурван үе шаттай хэрэгжих энэ бодлогыг тодорхойлсноор хүн ам цөөн, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдалтай байгаа үед үндэсний болон эдийн засгийн салбар бүс, орон нутгийн хөгжлөөр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нөөцийг зохистой ашиглах нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээл дахь тэгш бус байдлыг өөрчилж, бүтээмж, дундаж цалингийн зохистой харьцааг бий болгох юм” хэмээн танилцуулав. Түүнчлэн Европын холбооноос хэрэгжүүлэх дээрх төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжиж буйгаа илэрхийлэн, хамтран ажиллахаа мэдэгдлээ.
Монголд хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр Европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх энэ төсөл 2015-2020 онд хэрэгжих юм. Энэ хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн талаарх хууль эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийх, Төрөөс хүн амын хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлогын хэрэгжүүлэлтийг дэмжих үүднээс хөдөлмөрийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүд, төрийн албан хаагчдын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэх юм байна.
Европын холбооны олон улсын зөвлөхтэй уулзав | ||
Үзсэн: 912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.