Шууд Chart

Налайх дүүргийн Засаг дарга огцорчээ

2014-12-19 15:26:32

Налайхын дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан өнөөдөр болж байна. Энэхүү хуралдаанаар ИТХ дахь МАН-ын бүлгээс Налайх дүүргийн Засаг дарга Хасбазарын Болдбаатарыг огцруулах санал оруулсныг төлөөлөгчдийн олонх нь дэмжсэн байна. Ингэснээр дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар албан тушаалаасаа огцорчээ.

Огцруулах үндэслэлд, дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар нь Налайх дүүргийн Засаг дарга болоод даруй хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд төрөлх дүүргийнхээ төлөө, ард иргэдийнхээ амьжиргаа, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, дүүрэгт ирсэн хөрөнгө оруулалтыг орон нутагтаа шингээх, төрийн албыг чадавхжуулах, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэх зэрэг ажил хангалтгүй хийгдэж ирснийг иргэд бухимдан шүүмжлэх боллоо. Иргэдийн хүлээлт их байсан боловч бодитой үр дүн гаргаж чадсангүй гэжээ. Мөн дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2 тэрбум 79 сая төгрөгөөр хийгдсэн ажлууд нь туйлын хангалтгүй, хариуцлагүй, тооцоо судалгаа, зураг төсөлгүйн улмаас 324 сая төгрөг эргэн татагдсан. Эргэн татагдсан 324 сая төгрөгийг 2014 онд нөхөн авчирна хэмээн Иргэдийн Төлөөлөгчдийн чуулганд та амлаж, дүүргийн 2013 оны эдийн засаг нийгмийн зорилтын биелэлтийг “Хангалттай” хэмээн үнэлүүлсэн. Гэвч таны амласан дээрх 324 сая төгрөг өнөөдрийг хүртэл дүүрэгт ирсэнгүй. 2014 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан 2 тэрбум 502 сая төгрөгөөс 1.5 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн гэж дүүргийн ЗДТГ-ын Төрийн сангийн хэлтсээс мэдээлэл өгсөн бөгөөд үлдсэн 1 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирэх эсэх нь тодорхой бус байна. Дүүргийн 2015 оны төсвийг нийслэлийн ИТХ-аар хэлэлцэж байх чухал өдрүүдэд эрхэм Засаг дарга Х.Болдбаатар та БНХАУ руу явсан нь дүүргийн нийт иргэдийн ирэх жилийн хувь заяаг хөсөр хаясан үйлдэл гэж дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн зүгээс үзэж байна. Таны энэ увайгүй үйлдлийн үр дүнд 2014 оны дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн дутуу санхүүжилт болох дээрх төгрөгийг 2015 оны санхүүжилтээр нөхөн олгохоор болсон ч үнэндээ 2015 онд Налайх дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилагдсан 1.9 тэрбум төгрөгөөс танан үлдээж, 1 тэрбум орчим төгрөг л дүүрэгт ирэхээр болжээ хэмээсэн байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Налайх дүүргийн Засаг дарга огцорчээ  
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-20 15:56
үнэн.уг нь Налайхчууд бид АН-д их итгэл хүлээлгэсэн боловч талаар болж байгаа нь харамсалтай.

Бидэнтэй нэгдээрэй