Шууд Chart

Э.Бат-Үүл АНУ-д ажлын айлчлал хийж байна

2014-12-22 09:12:44

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид АНУ-ын Сан Франциско хотод ажлын айлчлал хийж байна.

Төлөөлөгчид өнгөрсөн баасан гарагт Сан Франциско хотын захирагчийн ажлын албанд зочилж, тус хотын Олон улсын бизнесийн хөгжлийн газар, Бизнесийн хөгжлийн газар болон Эдийн засгийн хөгжлийн агентлагийн удирдлагатай уулзав. Уулзалтын үеэр Олон улсын бизнесийн хөгжлийн газрын захирал У.Фаннон Сан Франциско хот нь биотехнологи, мэдээллийн технологийн салбарт шинэ санаа санаачлагыг эдийн засаг, татварын бодлогоор дэмжиж, технологийн паркийн томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлснээр АНУ-даа инновацийн тэргүүлсэн хотын нэг болсон талаар   товч танилцуулж, хоёр тал Сан Франциско болон Улаанбаатар хотуудын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны  талаар харилцан ярилцаж, санал солилцжээ.

Цаашид хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, манай тал Сан Франциско хотын эдийн засгийн хөгжлийн инновацийг дэмжих бодлого, технологийн үйлдвэрлэлийн парк байгуулсан туршлагаас суралцахаар тохиролцсон байна.

Мөн Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт зочилж, Сан Францискогийн Бей Аэриагийн монгол иргэд, иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийжээ. Уулзалтын эхэнд Нийслэлийн засаг дарга улс орны өнөөгийн байдал, Улаанбаатар хотыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах, сайн засаглалыг бэхжүүлэх, авилгатай тэмцэх талаар хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулж, цаашид Улаанбаатар хотыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэхэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар санал солилцов. Уулзалтад Бей Аэриагийн Монголчуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол оюутны холбоо, Шагайн харвааны холбоо, Оакландын “Гэр” хүүхдийн төвийн дэргэдэх “Би Монгол” сургууль, Сан Франциско хотын “Мэдлэг” монгол сургуулийн төлөөлөл оролцжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Э.Бат-Үүл АНУ-д ажлын айлчлал хийж байна   
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй