Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Чөлөөлөх дайны түүхэн ялалтын 70 жилийн ойг ирэх онд тэмдэглэх, Монгол Улсаас найман улстай дипломат харилцаа тогтоохыг дэмжих талаар, Япон улстай "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" байгуулах талаар болон бусад асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал,
- "Богдхан төмөр зам” болон “Улаанбаатар холимог тээврийн логистик төв" төслийн хэрэгжилтийн талаар Зам, тээврийн сайд Н.Төмөрхүү Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Төв аймгийн Батсүмбэр сумын Рашаант өртөөнөөс Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын орчмоор дайруулан Мааньт өртөөтэй холбох шинэ төмөр замын суурь бүтэц болох Богдхан төмөр замыг барих нь зүйтэй гэж үзэнурьдчилсан техник эдийн засгийн үндэслэл, чигийн зураг төслийг боловсруулаад байгаа юм. Энэ зам ашиглалтад орсноор транзит болон бусад ачаа тээврийг шинээр баригдах төмөр замаар явуулж, хот доторх төмөр замыг нийтийн зорчигч тээвэрт ашиглана. Харин Улаанбаатар ложистикийн төвнь шинэ нисэх буудлын баруун урд байрлах 400 га газарт баригдах бөгөөд шинэ нисэх буудал-нийслэлийншинээр баригдах хурдны авто замтай холбогдоно.
- Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу Монгол Улсад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гадаадын иргэдийн асуудлын тухай Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч, явц, үр дүнг тухай бүр Засгийн газарт танилцуулж байх, мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөхийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа.
Улаанбаатар хотноо 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Францын Засгийн газар хоорондын Хамтын ажиллагааны ажлын хэсгийн II хуралдааны дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр зохион байгуулсан энэ хуралдааны үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааны асуудлаар санал солилцохын сацуу хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны талаар тодорхой санал солилцжээ.
- Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт Захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй холбогдуулан оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор ОУВС засаглал, квотын багц шинэчлэл эхлүүлээд байгаа юм. Шинэчлэлийн үр дүнд Монгол Улс шийдвэр гаргах явцад оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болно. Манай улс 1991 онд ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, нэгдэн оржээ.
Засгийн газар хуралдав | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.