Шууд Chart

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, дөрвөн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2014-12-25 15:21:34

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг хэлэлцээд Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд Санхүүгийн зохицуулах хорооны даргад УИХ-ын дарга нэр дэвшүүлнэ хэмээн заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны даргад З.Нарантуяаг нэр дэвшүүлснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.
 
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11.2-т “Хорооны гишүүдэд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хоёр хүний, Хууль зүйн болон Төсвийн байнгын хороо, санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанкны Ерөнхийлөгч тус бүр нэг хүний нэр дэвшүүлж, Улсын Их Хурлаас томилно” хэмээн заасан байдаг. Хууль зүйн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Х.Бум-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн Э.Батболд болон Сангийн сайд, Монголбанкнаас орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлсэн Ж.Цэдэнрагчаа, Д.Ганбат нарыг томилох асуудлыг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцээд санал нэгтэйгээр дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
 
Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар чөлөөлөхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
 
Үүний дараа Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийн талаар танилцуулан, томилох санал хураалт явуулахаас өмнө гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдэд нэр дэвшигчдийг томилох санал хураалтыг чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар явуулна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, дөрвөн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө  
Үзсэн: 1155 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй