УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн мягмар гарагийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний зөвлөлд долоон хүнийг нэр дэвшүүлсэн юм. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс түүх, уламжлал, ёс заншлын чиглэлээр Д.Нямсамбууг, Засгийн газраас эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлагын менежментийн чиглэлээр Б.Золбаяр, З.Энхболд нарыг, харин УИХ-аас Д.Оюун-Эрдэнэ, Б.Батбаяр, Д.Цэндсүрэн, Б.Энхмандах нарыг нэр дэвшүүлсэн.
Нэр дэвшигчдийн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд төрийн жинхэнэ болон улс төрийн албан тушаалтан нэр дэвшихийг хориглодог гээд Үндэсний зөвлөлийн гишүүнд УИХ-аас томилох дөрвөн хүнийг 25 хүнээс сонгосон, энэ дөрвөн хүний дотор улстөрч хүн байхгүй гэдгийг хэлсэн юм.
Түүнчлэн чуулганы хуралдааны үеэр хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид хариулсан бөгөөд үүний дараа гишүүд үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Баярцогт: МҮОНРТ Монгол Улсаа сурталчилдаг гадаад хэл дээрх өөрийн гэсэн сувагтай болох хэрэгтэй байна гэсэн саналыг хэлсэн бол Г.Батхүү гишүүн МҮОНРТ-ийн үйл ажиллагааг сайжруулахад шинээр томилогдож байгаа гишүүд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн юм.
Р.Гончигдорж гишүүн Үндэсний зөвлөлд шинээр томилогдож байгаа гишүүдэд МҮОНРТ нь Монголын үнэт зүйл, соёл уламжлал болон соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой гэдгийг санууллаа. Ингээд Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилохоор гишүүн тус бүрт санал хураасан юм. Ингэхэд Б.Батбаяр 82.1 хувийн саналаар, Б.Золбаяр 83.6 хувийн саналаар, Д.Нямсамбуу 81.5 хувийн саналаар, Д.Оюун-Эрдэнэ 83.3 хувийн саналаар, Д.Цэндсүрэн 85.2 хувийн саналаар, Б.Энхмандах 83.3 хувийн саналаар, З.Энхболд 83.3 хувийн саналаар сонгогдлоо.
Уг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилсон тогтоолын төслийг ирэх 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн мөрдөх юм. Үүнтэй зэрэгцэн Үндэсний зөвлөлийн өмнөх гишүүдийг чөлөөлөх тухай тогтоол мөн хүчин төгөлдөр болно.
Шинээр томилогдсон МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг танилцуулж байна.
1. Б.Батбаяр- 2004-2012 онд УИХ-ын гишүүн, мөн Гадаад харилцааны яамны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайдаар ажиллаж байсан, инженер мэргэжилтэй.
2. Д.Оюун-Эрдэнэ- Сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр", "Үнэн", "Монгол төрх" сонинд сэтгүүлч, албаны дарга, эрхлэгчээр ажиллаж байсан. Мөн "С1 телевиз", "Өглөөний сонин", "Өнөөдөр" сонинд продюсер, орлогч эрхлэгч, тоймчоор ажиллаж байсан.
3. Д.Цэндсүрэн- Эрх зүйч мэргэжилтэй.
4. Д.Нямсамбуу- Гавж. Өмнөд Энэтхэгийн гүн ухааны Гоман дацанд 10 жил суралцсан, Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд номын багш, Лавайн эгшиг 97.5 радиогийн захирал, Жэвзүндамба хутагт төвд номын багшаар ажиллаж байсан.
5. Б.Золбаяр- "Өдрийн сонин"-д сурвалжлагч, албаны дарга, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, зөвлөхөөр ажиллаж байсан. Сэтгүүлч мэргэжилтэй.
6. З.Энхболд- Банкны санхүүч, Бизнесийн удирдлагын мэргэжилтэй. 2012-2014 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Одоо Үндэсний дата төвийн захирлаар ажиллаж буй.
7. Б.Энхмандах- Байгаль орчны дэд сайд, Гадаад хэргийн дэд сайд, Швед улсад суух элчин сайдаар ажиллаж байсан. Нийгэм судлаач мэргэжилтэй.
Үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо | ||
Үзсэн: 2016 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.