Шууд Chart

Өрийн таазыг нэмэгдүүлэхэд тохиролцож чадсангүй

2015-01-06 12:36:28

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч хуралдаан үдээс хойш 15:00 цаг хүртэл хойшиллоо.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлах талаар хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАН АН-тай хамтрахаар тохиролцож, Засгийн газрыг хамтран байгуулах үед тохиролцсон гурван үндсэн асуудлын нэг өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх тухай байсан. Тухайн үед 49 хувь гэж байсан өрийн таазын хэмжээг 70 хувьд хүргэхээр төсөлд тусган оруулж иржээ. Тиймээс энэ асуудлаар намуудын болон бүлгүүдийн дарга нар, Ерөнхий сайд, Ажлын хэсэгт орж ажилласан гишүүд уулзан ярилцаж, гэрээний заалтаа эргэн харах хэрэгтэй. Түүний дараа 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.
 
УИХ-ын гишүүн М.Зоригт, төсвийн тодотголыг хэлэлцэх гэж байхад улс төрийн намуудын зөвшилцөл бүрэн дуусаагүй байна хэмээгээд намууд ярилцан, Засгийн газартай байр сууриа нэгтгэх хугацаа өгөн хэлэлцэх асуудлуудаа хойшлуулья гэсэн санал гаргасан. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, өрийн асуудал зөвшилцлийн баримт бичигт тусгаснаас давчихаад байгаа учир хэлэлцэх асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Санжмятав, өрийн асуудлаар намуудын бүлгүүд ойлголцоогүй байгаа учир хурлыг хойшлуулж, гарах гарцаа харах хэрэгтэй хэмээсэн. Гишүүд ийнхүү ярилцсаны эцэст байнгын хорооны дарга Б.Болор өрийн таазын асуудлаар зөвшилцлийн баримт бичигт тусгасан асуудлаар талууд ярилцах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Байнгын хорооны хуралдааныг 15:00 цаг хүртэл хойшлууллаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өрийн таазыг нэмэгдүүлэхэд тохиролцож чадсангүй  
Үзсэн: 901 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй