УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж ирэх 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэж зарим заалтууд дээр нь байр сууриа нэгтгэсэн байна. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлэг төсвийн тодотголын талаар хэлэлцээд хамгийн эхэнд өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 70 хувьд хүргэхийг дэмжих боломжгүй хэмээн үзсэн байна. Харин өнөөгийн байгаа түвшинд нь буюу 55 хувьд байлгах ёстой хэмээжээ.
Өргөн барьсан төсвийн тодотголд хүүхдийн 20 мянган төгрөгийг өрхийн орлого нь амьжиргааны түвшнээс дээгүүр өрхийн хүүхдүүдэд өгөхгүй байх талаарх заалтын талаар сайтар нягталж үзэх хэрэгтэй гэсэн байр сууринд нэгдсэн байна. Засгийн газар хүүхдийн мөнгөнд жилд 246 орчим тэрбум төгрөг зарцуулдаг бөгөөд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлэхдээ 95 тэрбум төгрөгөөр бууруулж оруулж ирсэн аж.
Мөн Алдарт эхийн одонгийн мөнгийг бага хүүхэд нь 18 нас хүрсэн үед хаах тухай заалтыг тус бүлэг эсэргүүцэж байгаа аж. Учир нь одонгийн мөнгө нь хүүхдийг урамшуулж байгаа урамшуулал биш, Монгол Улсын хүн амыг өсгөх, ээжүүдийн гавьяаг үнэлсэн урамшуулал учраас цаашид үргэлжлүүлж олгох ёстой хэмээн үзжээ. Хэрэв одоо өргөн барьсан тодотголын дагуу баталвал одонтой ээжүүдийн 90 хувь нь мөнгө авах боломжгүй болох юм байна. Харин оюутны 70 мянган төгрөгийг хийсэн бүтээсэнд нь өгдөг байх нь зөв гэдэг шийдэлд хүрчээ.
Энэ оны төсөвт хэд хэдэн төрлийн татвар нэмж байгааг дургүйцэх иргэд цөөнгүй байгаа. Тухайлбал, бууны татвар болон малын хөлийн татварыг хонин толгойд шилжүүлж , нэг хонин толгой тутамд 1000 төгрөгийн татвар ногдуулж байгааг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хэллээ. Мөн бууны татвар 4000-6000 төгрөг байсныг 50.000-60.000 төгрөг, үл хөдлөх хөрөнгийн татвар хоёр хувь байсныг гурван хувь болгон нэмсэн явдлыг дэмжихгүй байгаа ажээ.
Тус бүлэг төсвийн тодотголыг хэлэлцэх хүрээнд хямралаас гарах богино хугацааны хөтөлбөрийг Засгийн газар боловсруулж, УИХ-д оруулж ирэх ёстой хэмээн үзсэн бөгөөд уг саналаа Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
Өрийн таазыг нэмэгдүүлэхийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэв | ||
Үзсэн: 1212 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.