Шууд Chart

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэхийг дэмжлээ

2015-01-06 16:39:04

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдаж Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад олонхын дэмжлэг авсан болон гишүүдээс гаргасан найруулгын чанартай саналуудыг нэгтгэн тусгаж төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Оюунбаатар нар асуулт асууж тодруулав. Ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, энэ хуулийн гол зорилго нь улсын хэмжээнд хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн систем бүрдүүлэхэд чиглэж байгаа. Уг хууль батлагдсанаар хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл ил тод болохын зэрэгцээ шат дамжлага цөөрч чирэгдэл багасна. Өмнө нь хуулийн этгээдийн улсын бүртгэл хийлгэхэд 12 бичиг баримт бүрдүүлж 8 шат дамжлагаар орж тав хоног зарцуулдаг байсан бол шинэ хууль батлагдсанаар улсын бүртгэлд цахимаар бүртгүүлэх, иргэд цахимаар мэдээлэл авах, төрийн байгууллагууд хуулийн этгээдтэй холбоотой мэдээллийг цахимаар солилцох боломжтой болох юм гэдгийг хэллээ.
 
Харин төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар улсын бүртгэлийн байгууллага нь хуулийн этгээдийн оноосон нэрээр тоглодог, үйлчлүүлэгчийн аль нэг талд орж үгсдэг явдлыг цаашид таслан зогсоох, аливаа асуудалд хариуцлагатай, шударгаар хандах, улсын бүртгэлийн ажилтнууд нь мэргэшсэн байх шаардлагатайг онцолж байв.
 
Ингээд УИХ-ын гишүүн Д.Ганбат Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн баригдсан Гэрээт харуул хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “мэдэгдэнэ” гэснийг “бүртгүүлнэ” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн уг хуулийн төслийг дагалдан өргөн баригдсан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг шинэчлэхийг дэмжлээ  
Үзсэн: 1140 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй