Шууд Chart

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа

2015-01-12 12:41:21

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд хүндэтгэлтэйгээр залах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээг нээж УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар үг хэлсэн юм. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг түмэн олонд толилуулахаар түр залж байна. Үндсэн хууль ямар байдлаар батлагдсан байдгийг иргэд Монгол төрийн түүхийн музейд хүрэлцэн ирж үзэх боломжтой болсон гэлээ.
 
Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд залах ёслолын арга хэмжээний үеэр Монголбанкны Эрдэнэсийн санд эх хувь нь хадгалагддаг Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны цагаан чулуун тамга, Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн тамга, Шашин төр хоёрыг хослон өрнүүлэгч Эх дагинын мөнгөн тамга, Богд Живзундамбын алтан тамга, Зарлигаар өргөмжилсөн шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч Живзундамба ламын алтан тамганы хуулбаруудыг Монголбанкнаас Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулж олны хүртээл болгохоор хүлээлгэн өгсөн юм.
 
Төрийн түүхийн музейд одоогоор цаасан баримт болон биет үзмэр бүхий нийтдээ 140 гаруй ховор нандин үзмэр бий аж. Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейд залсан Үндсэн хуулийн уг эхийг долоо хоногийн хугацаанд олон нийтэд үзүүлэх юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн уг эхийг Монгол төрийн түүхийн музейд заллаа  
Үзсэн: 1157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй