УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хуваарийн дагуу өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр Гацууртын ордын талаар хэлэлцсэнээс гадна Тавантолгойн хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийн талаар ажлын хэсгийн ахлагч, сайд М.Энхсайханаас мэдээлэл сонсчээ. Энэ талаар тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэлэхдээ “Тавантолгойн хэлэлцээрийг Монгол Улсын сайд М.Энхсайхан ахалж байгаа учраас түүнийг албан ёсоор урьж мэдээлэл сонссон” гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Гацууртын ордын тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч тус бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан юм. Харин энэ долоо хоногт бүлгийн завсарлага дуусч тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэх тул гишүүд ийнхүү Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах талаар санал солилцож, байр сууриа нэгтгэсэн байна. Энэ үеэр гишүүд Гацууртын ордоос алт олборлох үед Ноён уулын эргэн тойрон дахь түүхийн дурсгалт олдворууд устгаж үгүй болох эрсдэлтэй тул хамгаалах асуудлыг орхиж болохгүй гэсэн саналыг гаргасан байна. Мөн цэвдэг газар олборлолт хийхэд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нь өндөр тул энэ талын судалгааг сайтар хийх нь чухал гэж бүлгийн гишүүд үзжээ. “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ийнхүү гаргасан санал дүгнэлтийнхээ дагуу ажлын хэсэг байгуулахаар УИХ-ын даргад санал хүргүүлэхээр болжээ.
Гацууртын ордын талаар УИХ-ын даргад санал хүргүүлнэ | ||
Үзсэн: 1162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.