Шууд Chart

Богдхан уулын газрыг улсын хэрэгцээнд авна

2015-01-13 14:24:21

Засгийн газар 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Шинэ Улаанбаатар” төслийн хүрээнд хот төлөвлөлтийг шинээр хийж, нэгдсэн бодлогоор инженерийн дэд бүтэц байгуулан, иж бүрэн 17 хорооллыг байгуулах, нийслэлийн алслагдсан дүүрэг, дагуул хотын хөгжлийг бодлогоор дэмжиж, иргэдийн суурьших бүсийг тэлнэ гэсэн зорилт дэвшүүлсэн байдаг.

Энэ хүрээнд Улаанбаатар болон Төв аймгийн нутаг дэвсгэрт эдийн засаг, нийгэм, хот төлөвлөлт, экологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн шинэ суурьшлын бүсүүдийг бий болгох замаар хүн амын хэт төвлөрлийг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат газрын ойр орчмын газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Энэхүү асуудлыг судлах, санал боловсруулах Ажлын хэсгийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас байгуулсан байна. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл ихэссэн нь Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай учир дэд бүтцийг гадагш тэлэх зорилгоор дархан цаазат Богдхан уулын зарим газрыг улсын хэрэгцээнд авах нь зүйтэй хэмээн үзсэн аж.
 
Одоогоор Богдхан уулын ойр орчмын газрын зарим хэсгийг иргэд худалдан авсан бол зарим хэсэг нь тодорхойгүй нөхцөл байдалд байгаа гэдгийг Засгийн газрын хуралдааны талаарх мэдээллийг танилцуулахдаа Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр хэлсэн юм. Тиймээс эхний ээлжинд улсын хэрэгцээнд авч, дэд бүтэц хөгжүүлэн, иргэдийн худалдаж авсан газрыг худалдаж авах, өөр газраар солих зэргээр эргэлтэнд оруулах боломжтой хэмээн үзжээ. Иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд олгох нөхөн олговрын хэмжээг тооцох, шинэ суурьшлын бүсэд эдийн засгийн дэд бүтцийг бий болгоход шаардагдах хөрөнгийн тооцоог гаргах, энэ чиглэлээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах зэрэг ажлыг хийх Ажлын хэсгийг Монгол Улсын сайд С.Баярцогт ахлах бөгөөд санал, дүгнэлтээ энэ сарын 30-ны дотор Засгийн газарт танилцуулах юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Богдхан уулын газрыг улсын хэрэгцээнд авна  
Үзсэн: 974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй