Энэ оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж буй. Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат болон тус яамны ажлын хэсгийн гишүүд, мөн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг байгууллагуудын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид оролцсон юм. Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар Сангийн сайд болон яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Су.Батболд, М.Энхболд, Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин, Н.Батцэрэг нар саналаа хэллээ. Мөн Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гишүүдийн асуултад нэмэлт хариулт өгсөн юм.
Хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагаас УИХ-ын Тамгын газарт хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслүүдийг хэрэгжүүлэхэд буцалтгүй тусламжаар олгох 350 сая төгрөгийг УИХ-ын даргын гадаад тусламжийн орлого, зарлагад нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, А.Бакей нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Төсвийн тодотголыг хэлэлцэв | ||
Үзсэн: 2371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.