Шууд Chart

С.Бямбацогт: Бид татвар нэмэхийг дэмжихгүй

2015-01-15 13:27:42

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдөр хуралдсан бүлгийн хуралдааны талаар мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.

 -Эдийн засгаа сэргээхийн тулд танай бүлэг  стандартын бус онцгой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзсэн байна. Үүнд зориулсан тодорхой саналууд байгаа юу?
-Бид Засгийн газартай хамтрахдаа зөв бодлогыг дэмжиж буруу зүйлд шүүмжлэлтэй хандана гэдгээ хэлсэн. Тиймээс манай бүлгээс хямралыг давах төлөвлөгөө гаргаж УИХ-д яаралтай оруулж ирэхийг шаардаж байсан. Одоо болтол орж ирэхгүй байгаа учраас МАН-ын бүлэг өөрсдөө ажлын хэсэг байгуулж, тодорхой асуудлуудыг цогцоор нь авч үзсэн хямралын эсрэг төлөвлөгөөг боловсруулахаар болсон. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, ажиллахаар болсон.
 
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж өрийн дээд хэмжээг ДНБ-ий 60 хувьд хүргэхээр заасанд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
 
-МАН-ын бүлэг мөн л засагт хамтран ажиллах гэрээндээ өрийн таазыг нэмэхгүй гэж тусгасан. Гэвч Засгийн газраас өрийн таазын хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэхээр УИХ-д оруулж ирснийг нь бид дэмжээгүй. Одоо 60 хувьд хүргэхээр дахин өргөн барилаа.  Харин өнөөгийн бодит байдалд 58.2 хувьд хүрсэн байгаа. Тиймээс нэгэнт хүрсэн байгаа түвшинг хүлээн  зөвшөөрөхөөс өөр аргагүй боллоо.
 
-Өрийн хэмжээ 58.2 хувьд хүрсэн гэдэг бодит тоо мөн үү?
-Өрийн хэмжээ хүн болгон эргэлзэхээр байгаа нь үнэн. Унтаад босоод ирэхэд л өсгөж хэлээд байхаар хэн ч эргэлзэхээр байгаа биз дээ. Тиймээс одоогийн авсан өрөө дараа нь нэхэхээр нь үйлдвэрлэгчдийн тавьсан шаардлагын дагуу шилжүүлж өгье. Тэгээд өрийн эцсийн хэмжээ ямар байгааг тооцож тогтоох хэрэгтэй.
 
-Танай бүлгийн гишүүд унааны зардлаасаа татгалзахаар болсон гэдгээ мэдэгдсэн?
-Гишүүдийн унааны нэг сарын зардал 500 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, нэг гишүүнийх зургаан сая төгрөг болно. Тэгэхээр 26 гишүүнийх нийлээд 150 сая болно. МАН-ын бүлгийн бүх гишүүд үүнээсээ татгалзана. Чуулганаар төсөв хэлэлцэх үеэр бид энэхүү зардлаа хасуулна.
 
-Гаргаж буй санаачилгаа бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх юм уу?
-Санаачилгаа бид үндсэндээ хямралыг давах хугацаанд хэрэгжүүлнэ. Эдийн засгийн хямралыг богино хугацаанд, хохирол багатай даван туулах зорилгоор бид үүнийг хэрэгжүүлж байгаа юм. Бидний санаачилгыг УИХ-ын бусад гишүүд дэмжих юм бол 500-600 сая төгрөг хэмнэгдэнэ. Мөн бусад Төрийн байгууллагуудыг ч гэсэн уриалж байгаа.
 
-УИХ-ын бүх гишүүд 90 сая төгрөг авдаг. Үүнийг тойроггүй гишүүдэд өгөх хэрэг байгаа юм уу. Үүнийг уриалгадаа тусгаж хасуулах боломж бий юу?
-90 сая гэсэн тоо байдаггүй ээ. Энэ нь УИХ-ын гишүүдэд тодорхой үйл ажиллагаа явуулах, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд, тойрогтоо ажиллахад, хууль боловсруулах, хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхэд зориулсан тодорхой зардал төсөвт суусан байдаг.  Үүнээсээ унааны зардлаа хасахаар оруулж ирж байна.
 
-Татвар нэмэхэд иргэдэд хэр хэмжээний дарамт ирэх талаар танай бүлгээс тооцоолсон уу?
-Засгийн газраас хотын татвар, хөрөнгийн татварыг нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Харин нөгөө талдаа орлогыг нь тооцож төлөвлөж оруулж ирээгүй. Татвар нэмэгдүүлснээс олох орлогоо юунд зарцуулахаа тооцоолоогүй. Мөн хямрал хүндрэлийг татвар нэмэх замаар биш, татвар төлөгчдөө дэмжиж байж хямралаас гардаг. Гэтэл тооцоо судалгаагүй оруулж ирсэн учир бид татвар нэмэхийг дэмжихгүй.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

С.Бямбацогт: Бид татвар нэмэхийг дэмжихгүй  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй