Шууд Chart

Малын хөлийн татварыг дэмжив

2015-01-15 14:30:28

Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж 2015 оны төсвийн тодотгол болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, дэмжин санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Үүнээс гадна тус байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн малын татварыг нэмэгдүүлэх талаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, Ч.Хүрэлбаатар гишүүн “Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөхдөө жишээ нь дөрвөн ам бүлтэй өрх байлаа гэж бодвол 50-иар үржүүлж 200 малыг хонин толгойгоор тооцоод хасч, үлдсэн малаас малын хөлийн татвар авах юм байна гэж ойлгож байгаа нь зөв үү. Малын тоо толгойноос авах татварыг сумын хурал шийдэж болдоггүй юм уу. Тухайн аймгийн сум бүр газар нутаг, байгалийн өөр өөр онцлогтой байдаг. Дээр үед тэмээг үржүүлэх бодлогын хүрээнд татвар авдаггүй байсан. Харин одоо оруулж ирж буй төсөлд тэмээ, ямаа хоёрыг хонин толгойд шилжүүлэхдээ хоёр хонин толгойгоор тооцож оруулж ирсэн байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт таван хошуу малыг жигд хөгжүүлэх, алс хэтдээ ямаа зэрэг малын тоо, зохистой харьцааг хангахад зөв бодлого болж чадаж байна уу. Мөн хөрөнгийн албан татварт бууг оруулж ирсэн байна. Малчдын хувьд буу нь байндаа тусдаггүй, дуу ихтэй буунууд байдаг. Эдгээр буунуудаас 100 мянган төгрөгийн татвар авахаар орж ирж байгаа. Малчдад хэрэглэгдэж байгаа бууг татвараас чөлөөлөх, эсвэл харьцангуй бага татвар ногдуулах боломж бий юу” хэмээн асуусан юм.
 
Малын хөлийн татварыг өрхийн нэг гишүүнээс гэж үзэн 50 хониор тооцож татвараас чөлөөлөхөөр тусгасан гэдгийг ажлын хэсгээс өглөө. Мөн ажлын хэсэг дээр малчдын хэрэглэдэг “калибрь” бууны татварыг өөрчлөхгүйгээр хуучнаар нь явья гэсэн саналыг гаргасан. Үл хөдлөх хөрөнгө дээр дээд шатлалыг нь гурав дахин нэмэгдүүлсэн. Үүн дээр орон нутаг өөрсдөө тогтоож авна гэсэн тайлбарыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн бодлогын газрын дарга Ж.Ганбат өглөө.
 
Ингээд малын хөлийн татварыг нэмэгдүүлэх тухай Хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Малын хөлийн татварыг дэмжив  
Үзсэн: 1766 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй