Шууд Chart

Б.Гарамгайбаатар: Өрийн таазыг 60 хувьд хүргэчихээд нэмж өр зээл тавих гээд байгаа юм биш

2015-01-19 15:55:09

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдажТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын дарга З.Энхболдоос мэдээлэл сонсчээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатараас тодрууллаа.

 

-УИХ-ын дарга болон Ерөнхий сайд ямар асуудлаар мэдээлэл хийсэн юм бэ?
-УИХ-ын дарга энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар танилцуулсан. Ерөнхий сайд Концессын хуулийг Аж үйлдвэрийн яам руу, Гудамж төслийг Улаанбаатар хот руу шилжүүлэх тухай ярьсан. Мөн төсвийн тодотголтой холбоотойгоор МАН-тай болон бусад намуудтай харилцан тохиролцсны үндсэн дээр үргэлжлүүлэн хэлэлцэн батлуулах, өрийн таазтай холбоотой мэдээлэл өгсөн.
 
-Урт нэртэй хуулийг өөрчлөх гэж байгаа талаар яриа гарсан байсан?
-Урт нэртэй хуулийг өөрчлөх гээд байгаа юм биш. Энэ хуультай холбоотой гарсан алдааг олж тогтоосон. Усны тухай хуулиар 200 метрийн зайтай гэж байхад янз бүрийн тушаал журмууд гараад 10 мянган метр буюу 100 км-ээр Засаг дарга нар үзэмжээрээ тогтоосон. Үүнээс болж олон аж ахуйн нэгжүүд хохирсон. Энэ зүйлүүдийг ярилцсан.
 
-Өрийн таазыг МАН-ыг бүлэг нэмэх боломжгүй гэж үзэж шийдвэрээ гаргасан байна?  
-Өрийн таазыг Засгийн газар ДНБ-ий 60 хувьд хүрэхээр оруулж ирсэн. 60 хувиар оруулж ирсэн өрийн тааз бол нэмэлт зээл авах намуудын зөвшилцлийн хүрээнд ярьж тохирсноор бол гадаадын өндөр хүүтэй богино хугацаатай зээл авахыг зогсоосон. Өнөөдөр бодит байдал дээр Хөгжлийн банк үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд гаргасан хөрөнгө оруулалтыг төсөвт суулгаагүй явж байсныг буцааж суулгаснаар өрийн тааз 60 хувьд хүрч байгаа ийм нөхцөл байгаа юм. Үүнийг нэг бланс тайлантай болгохын тулд намууд ойлголцож нэг шийдэлд хүрлээ гэж ойлгож болно. Түүнээс биш нэмж өр, зээл тавих асуудал биш. Засгийн газар хувийн хэвшил, аж ахуйн нэгжид баталгаа гаргаж өгөх нь нээлттэй байгаа.
 
-Өрийн тааз 58.3 хувь байгаа гэж МАН мэдээлэл хийсэн. Н.Алтанхуягийн Засгийн газар хууль зөрчиж байж ийм байдалд хүргэсэн гэж мөн тайлбарласан. Танай намын бүлгийн байр суурь ямар байгаа вэ?
-2012 онд Хөгжлийн банкыг байгуулахдаа тус банкаар санхүүжүүлэх төсөл арга хэмжээг улсын төсөвт тусгахгүйгээр явж байсан. Чингис, Самурай бонд улсын төсөвт суухгүйгээр Хөгжлийн банкаар дамжигдаж явж байсан учраас төсвөөс гадуур байгаа нэмэлт хоёр төсвөөр явж байсан асуудлыг МАН-ын шаардлага, шахаагаар төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлээд нэг төсөвтэй болсон чинь өрийн хэмжээ 58.3 болсон нь тодорхой шүү дээ. Түүнээс биш энэ Засгийн газар байгуулагдаад өр нэмэгдээд байгаа юм байхгүй.
 
-Төсвийн алдагдлыг таван хувьд хүргэхийг АН-ын бүлэг дэмжиж байгаа юу?
-Бүх бурууг АН-д үүрүүлэх гээд байх шаардлагагүй. Ардчилсан нам өнөөдөр МАН-ын тавьж байгаа шаардлага, төсвийн тогтвортой байдлын өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хоёр хувьтай төсвийн тэнцвэржсэн алдагдал, дээр нь төсвийн нийт өрийн хэмжээг 40 хувьд барья гэсэн шаардлагыг хүлээж авахад бэлэн байгаа юм. Хамгийн харамсалтай нь МАН өнөөдрийг хүртэл нэг төсөвтэй байх ёстой, тийм учраас төсвөөс гадуур санхүүжигдэж байгаа төсвийн эх үүсвэрүүдийг бүгдийг нь төсөвт суулга гэдэг шаардлагыг тавьж ирсэн. Үүнийг оруулах гэхээр өнөөдрийн яриад байгаа 5,  58.3 хувилбар ирж байгаа. Шинэ засгийн газар тооцоо, судалгаагаа хийгээд 2015 онд санхүүжүүлэх төсвийн эх үүсвэрээ суулгаад 58.3 хувь дээр барьж байгаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Гарамгайбаатар: Өрийн таазыг 60 хувьд хүргэчихээд нэмж өр зээл тавих гээд байгаа юм биш   
Үзсэн: 1300 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй