Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаа хийж хэд хэдэн асуудал хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хуралдаанд Тавантолгойн хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтын талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлэл хийсэн байна.
Тавантолгойн орд нь коксжих нүүрсний асар их нөөцтэй юм. Гэхдээ энэ нь дэлхийд өрсөлдөх хэмжээ биш аж. Учир нь нүүрсний асар их нөөцтэй ордууд дэлхийн бусад оронд илэрсээр байгаа ажээ. Нүүрсний нөөцөөр дэлхийд Хятад, ОХУ, Австрали, Энэтхэг улсууд тэргүүлж байгаа бол Монгол Улс 15 дугаар байрт жагсчээ. Энэ нь Монголын нүүрсгүйгээр дэлхий нүүрсний хэрэгцээний хомсдолд орно гэдэг өрөөсгөл ойлголт болохыг харуулж байгаа гэж Ц.Мөнхтөр онцлолоо. Тухайлбал, Австрали улс 155-160 сая тонн нүүрсний нөөцтэйн дээр нүүрсээ дамжуулан тээвэрлэх дэд бүтэц өндөр хөгжсөн, өрсөлдөхөд хүнд гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаа аж. Шинэ өрсөлдөгч гэвэл ОХУ 2.2 тэрбум тонн нүүрс зах зээлд гаргахаар их хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Тэгэхээр манай улс нүүрсээ ашиглах гадаад хүчин зүйлд дээрх байдлууд нөлөөлж байгаа юм байна. Харин дотоод хүчин зүйлд нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас Тавантолгойн ордыг ашиглаж мөнгө олох зайлшгүй шаардлага гарч ирж байгаа гэж үзсэн байна. Өмнөх Засгийн газрын үед тус ордод хөрөнгө оруулагчаар шалгарсан гурван компани байгаа юм. Тодруулбал, Япон улсын Сүмитомо корпораци, Хятадын Шиньхуа болон Монголын “Энержи Ресурс” компани байгаа.
Засгийн газрын зүгээс эдгээр компаниудад хамгийн эхэнд дөрвөн тэрбум хүртэлх ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон байна. Мөн өмнө нь хийгдсэн ажлуудыг хүлээн авч хийгдсэн ажлуудын хөлсийг нь өгөх болон 30 сая долларын нүүрс боловсруулах үйлдвэр барихыг санал болгожээ. Мөн 150 сая долларын хөрөнгө оруулалтыг зээлийн шугамаар урьдчилж олгох саналыг тавьж байгаа юм байна. Уг асуудлаар хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд зарим асуудлаар хүндрэл гарч байгаа гэв.
Манай нүүрс Хятадаар дамжиж дэлхийн зах зээл дээр гарах учир төмөр замын асуудлаар М.Энхсайхан сайд тодорхой мэдээлэл өгсөн байна. Хятадын дотоодын төмөр зам нь өргөн сүлжээтэй ачаалал ихтэй байдаг аж. Учир нь төвөөс гарч байгаа нүүрсүүдийг далайн эргийн гангийн үйлдвэрүүд рүү явуулаад тэндээс их газар руу түгээдэг юм байна. Тэгэхээр Хятадаар нүүрс дамжуулахад их хүндрэлтэй гэнэ. Харин "Шиньхуа" группийг уг төсөлд татан оруулснаар тус компанийн Хятад дахь төмөр замын сүлжээг ашиглахаар болсон байна. Тиймээс нүүрс тээвэрлэхэд асуудал үүсэхгүй гэсэн давуу талтай байгаа юм байна.
Уг асуудлаар Монгол Улсын сайд М.Энхсайхан долоо хоног бүр мэдээлэл өгч байхаар болжээ.
Засгийн газар Тавантолгойн хэлэлцээрийг хэвийн үргэлжилж байна гэж үзжээ | ||
Үзсэн: 1573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.