Шууд Chart

УИХ-аас өрийн таазыг 58.3 хувиар баталлаа

2015-01-20 16:58:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Өнөө өглөө Төсвийн байнгын хороо хуралдаж уг хуульд өөрчлөлт оруулж, өрийн таазыг ДНБ-ий 60 хувьд хүргэх хуулийн төслийг хэлэлцэх үеэр МАН-ын бүлгээс гаргасан өрийн таазыг 58.3 хувиас хэтрүүлэхгүй байх санал дэмжигдээгүй юм. Гэвч үргэлжлүүлэн хуралдсан чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхийн саналаар өрийн таазыг 58.3 хувьд нь барихыг дэмжиж хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.
 
Харин байнгын хороо чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганаас гаргасан шийдвэрийг дэмжсэн юм.
 
Энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы үдээс хойших хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулсан юм. Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж нар байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг чуулганы тухайн өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх хуулийн заалттай. Ингээд байнгын хорооны саналаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 41 гишүүний 37 нь буюу 90.2 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр манай улсын нийт өрийн хэмжээг ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлэхгүй байхаар болж байгаа юм.
 
Мөн хууль батлагдсанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн тусгай шаардлагыг хангахын тулд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг үе шаттайгаар бууруулан 2018 оны төсвийн жилд хуульд заасан ДНБ-ий 40 хувьд хүргэж бууруулах эрх зүйн зохицуулалт бүрдэж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

УИХ-аас өрийн таазыг 58.3 хувиар баталлаа  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй