Шууд Chart

АН Өрийн удирдлагын тухай хууль дээр ажиллаж байгаа гэв

2015-01-26 14:42:06

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Татварын өршөөл үзүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх талаар байр сууриа нэгтгэсэн байна. Мөн бүлгийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар мэдээлэл хийж, Тавантолгойн төслийн явцын талаар сонсжээ. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тендерийн хуулийг эргүүлэн татсан тухайгаа мэдээлсэн байна. Ингэхдээ уг хуулийн төсөлд засч, залруулах зүйл байсан учраас Загсийн газар буцаан татаж байна гэдгээ хэлсэн гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Үүнээс гадна бүлгийн хуралдааны үеэр намын дотоод асуудал, боловсон хүчнийг нэмэгдүүлэх талаар тусгайлан ажлын хэсэг байгуулахаар болжээ.
 
Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Шатахууны татварыг нэмэгдүүлснээр дотоодын зах зээл дээр үнэ нь өсөхгүй гэсэн баталгаа бий юу?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хэлэлцээрийн дагуу тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ажилласан. Одоо бол дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байгаатай холбогдуулаад тодорхой боломж байна гэж үзэж Засгийн газар нефть импортлогч нартай тохиролцсон юм билээ. Үүний дагуу нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтоосон гэдгээ Засгийн газар тайлбарласан. Тиймээс энэ асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно.
 
-Бүлгийн хурал дээр яам, агентлагт улс төрийн шахаагаар томилгоо хийхгүй байхыг анхааруулсан гэж байна. Тэгэхээр бүх нам хамтарснаас хойш улс төрийн томилгоо хийх байдал гарч байна гэсэн үг үү?
-Шулуухан хэлэхэд тийм зүйл ажиглагдаж байна. Намууд хамтарч засаг байгуулснаас хойш шинээр томилогдсон сайдууд, тодорхой яамдууд дээр халаа, сэлгээний асуудал эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан учраас энэ талаар хэлсэн гэсэн үг.
 
-Өрийн удирдлагын тухай хуульд Засгийн газар баталгаа гаргах гэдэг заалт байна. Засгийн газрын баталгаа гаргах компаниудын нэрсийг олон нийтэд ил болгох ёстой юу. Үүн дээр танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Өрийн удирдлагын тухайн хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Харамсалтай нь МАН-ынхан тус хуулиар нэгдсэн ойлголцолд хүрээгүй байна гэсэн учраас тодорхой хэмжээгээр хойшлогдож байгаа. Өр нэмж тавихгүй гэдэг зөвшилцлийн гэрээ байгуулсан учраас энэ асуудал нь тэдэнд тээг болж байгаа байх. Засгийн газрын баталгаа нь хувийн хэвшлийнхэн гадаадаас зээл авах боломжийг нээж өгч байгаа юм. Энэ хуулийг гаргах тал дээр АН-ын бүлэг маш идэвхтэй ажиллаж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

АН Өрийн удирдлагын тухай хууль дээр ажиллаж байгаа гэв  
Үзсэн: 1233 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй