Төрийн ордонд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болж буй “Олон радио телевизийн тухай хууль-10 жил” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Батчимэгээс дараах тодруулгыг авлаа.
-ОНРТ-ийн тухай хууль батлагдаад 10 жил болж байна. Та хууль тогтоогч хүний хувьд МҮОНРТ-ийн бие даасан хараат бус байдлыг хангахын тулд хууль эрх зүйн орчин нь хэр сайн бүрдсэн гэж бодож байна вэ?
-10 жилийн өмнө ОНРТ-ийн тухай хууль батлагдсан нь их чухал үйл явдал гэж боддог. Дэлхийн аль ч улсад, тэр тусмаа ардчилсан улсад улс төрөөс, Засгийн газраас хараат бус, бие даасан, олон нийтийн санаа бодлыг илтгэж чадах хэвлэл мэдээллийн хэрэгсэл төлөвшиж хөгжинө гэдэг бол их чухал зүйл. МҮОНРТ-ийн үүрэг бол нэгдүгээрт хараат бус байдал, хоёрдугаарт, улс орны үндэсний үнэт зүйл, соёл уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн санаа бодолд нийцсэн үндэсний контентуудыг олон нийтэд хүргэх явдал байдаг. Зах зээлийн өрсөлдөөнтэй орчинд ажиллаж байгаа хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол цаг нартай уралдаж байдаг учраас тэр болгон цаг зараад уран бүтээл бэлтгэх боломж бага. Тийм учраас нэгэнт 10 жил болчихсон энэ суурин дээрээ МҮОНРТ олон нийтийн сайн сайханд нийцсэн, улс үндэстний эрх ашигт нийцсэн чанартай уран бүтээлүүдийг нийтлэх нь чухал гэж бодож байна. Өнөөдөр ямар ч байгууллага оршин тогтнож хөгжихөд санхүүжилтийн асуудал бол чухал. УИХ-аас МҮОНРТ-ийн төсвийг танасан нь байгууллагын хувьд бол маш том сорилтыг авчирч байна. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай. Төсвийн санхүүжилт ингэж багассан нь МҮОНРТ-ийн удирдлагууд санхүүгийн өөр эх үүсвэрүүдийг хайж эрэлхийлэх, магадгүй төсвөөс болон улс төрчдөөс хараат бус байх боломжийг олгож байна гэдэг нь сая телевизийн удирдлагуудын ярианаас сонсогдож байна. Энэ бол мэдээж дэвшил.
-Таны бодлоор цаашид юун дээр түлхүү анхаарвал зохилтой вэ?
-Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-аас анхаарах шаардлагатай гэж бодож байна. Бас нэг зүйлийг хэлэхэд, өнөөдөр манай улсад хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулах, хүний эрх, олон нийтийн эрх ашгийн талд зогсдог хариуцлагатай хэвлэл мэдээллийн салбарыг төлөвшүүлэх ажил бол анхаарлын төвд байгаа асуудлын нэг. Цаашдаа МҮОНРТ-ийн хуулийг боловсронгуй болгох, МҮОНРТ-ийг улам бүр бие даасан, олон нийтийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагааг идэвхжүүлэх байх гэж бодож байна.
М.Батчимэг: МҮОНРТ-ийн хууль эрх зүйн орчинг сайжруулахад УИХ анхаарна | ||
Үзсэн: 1179 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.