Өнгөрөгч оны долоодугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Үүний дагуу хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг өнөөдөр чуулган нэгдсэн хуралдаанаар хийлээ.
Хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн долоон төрлийн сонсгол явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна. Мөн хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой асуудлыг шийдвэрлэх, нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоох сонсголыг, хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор УИХ, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг тус тус явуулахаар тусгажээ.
УИХ нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулах бөгөөд УИХ-аас мөрдөн шалгах сонсголыг явуулахдаа хэлэлцэх баримт сэлтийг цуглуулах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулах, УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулах, Засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан тушаалтныг томилохдоо томилгооны сонсгол явуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Харин Орон нутгийн сонсголыг УИХ, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавихдаа, сонсголыг ямар байгууллага хариуцах, сонсголыг явуулах үндэслэл нь юу байх, анхлан санаачлагч нь хэн байх, мөрдөн шалгах сонсгол гэдгийг хэрхэн ойлгох, сонсгол нь нээлттэй хэлэлцүүлгээс юугаар ялгаатай байх, сонсголыг зохион байгуулах хүсэлтийг хэн, хэрхэн гаргах, нийтийн сонсголын талаарх олон улсын парламентын туршлагыг хэрхэн харгалзан үзэж тусгасан, мөрдөн шалгах сонсголыг явуулах эрх нь яагаад хязгаарлагдмал байгаа,томилгооны сонсголын зохицуулалт ямар байх, энэ хуулийн төслийг Үндсэн хууль болон бусад хуулиудтай хэрхэн уялдуулсан,сонсголыг улс төрийн болон хувийн ашиг сонирхолдоо ашиглах тохиолдлыг хэрхэн хязгаарлах, хаах зэрэг асуудалд илтгэгчийн анхаарлыг хандуулж хариулт авлаа.
Үүний дараа хэлэлцэж буй асуудлаар гишүүд саналаа илэрхийллээ. Чуулганы үдээс хойших хуралдаанаар уг асуудлын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм.
Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцэв | ||
Үзсэн: 815 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.