Өнөөдөр УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Тэд энэ үеэр Засгийн газраас явуулж буй “Монгол Улсын 2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё” санал асуулгыг ойлгомжгүй, учир битүүлэг зүйл болсон хэмээн үзэж байна гэсэн юм. Тодруулбал, ард иргэдийг өлсгөчихөөд үргэлжлүүлээд өлсөх үү эсвэл Оюутолгойгоо хөдөлгөх үү гэж байгаа нь хэт эрээ, цээргүй загнаж буйгийн илрэл гэв. Мөн Оюутолгойн ордыг хөдөлгөх үү гэж байгаа нь ямар учиртайг ард иргэд болоод бие даагчид өөрсдөө ойлгохгүй байна гэлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Оюутолгой хөдөлчихсөн. Өнгөрсөн жил хоёр тэрбум их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. 100 тэрбумыг төсөвт төлсөн. Есдүгээр сарын байдлаар 75 тэрбумыг төсөвт төлсөн байсан. Энэ онд тус орд 3.9 их наядын борлуулалт хийнэ. Энэ мөнгө бол манай улсын төсвийн 70 хувь. Төсвийн орлогын 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг татварт өгөх байх. Үлдсэнийг нь зээлэнд өгөх байх. Ингээд Оюутолгой хөдөлчихсөн байна. Ерөнхий сайдыг юу яриад байгааг ойлгохгүй байна. Миний бодлоор Рио Тинтог нэг компани ирэх дөрөвдүгээр сард худалдаж авах гэж байгаа. Харин Рио Тинтогийн 17 хувийг эзэмшдэг Чанелко компани уг худалдан авалтыг зөвшөөрөхгүй эсэргүүцэж байгаа гэнэ. Харин Чанелкод Оюутолгойг өгч энэ наймааг дуусгаж магадгүй гэж харж байна. Өлсөх үү гэж асууж байгаад Оюутолгойг тавьж туух нь. Монголын талын 34 хувийг өгөөд татвараа аваад сууж байя гэж хэлээд биднийхээ толгойг угаах гэж байна. Монголын хувьгүй юм чинь үнэтэй зарагдана. Иргэд ч энэ асуултын талаар ойлгохгүй байна. Оюутолгойгоос жил бүр 20 тонн алтыг мэдээгүй царайлаад л гадагш нь гаргаж байна” гэлээ. Харин үүний оронд Оюутолгойгоо ашигтай болгож иргэдээ өлсгөхгүй асуудлаас гаръя гэх хэрэгтэй гэв.
Үүнээс гадна бие даагч гишүүдийн нам, эвслүүд хамтарсан нэрээр байгалийн баялгаа сүйтгэхийг эсэргүүцэж байна гэдгээ хэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүд Гацууртын орд болон Ноён уулын асуудал дээр нүдээ аниад зөвшөөрөөд явж байна гэв. Тодруулбал, "Центра Гоулд" компани Ноён уулыг ухаж дахин луйвар хийх гэж байна гэж тус бүлгээс мэдэгдсэн юм. Энэ мэт ард иргэдийн эрх ашигт бус гадныхны талд асуудлыг шийдвэрлээд байгалийн баялгаар наргиад байвал ордны гаднах хүмүүстэйгээ нийлэхээс өөр аргагүй гэлээ.
Түүнчлэн урт нэртэй хуулийг энэ долоо хоногт хэлэлцээд үгүй болгох гэж байна гэж бие даагч гишүүд хэлсэн юм. Мөн тус бүлгээс Эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилт болон Хүүхэд харах үйлчилгээний хууль, Соёлын тухай хуульд анхаарал хандуулна гэдгээ энэ үеэр илэрхийллээ.
Бие даагч гишүүд Засгийн газрын санал асуулгыг эсэргүүцэж байна | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.