УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж энэ талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Энэ удаагийн намрын чуулганаар “Шударга ёс” эвслийн гишүүдийн өргөн барьсан хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцээгүй үлдсэн гэдгийг “Эвслийн бүлэг” мэдээлэл хийх үеэрээ онцлолоо. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцжээ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөлтэй хамт Гэмт хэргийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх саналыг удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй байна. Энэхүү хуулийн төсөл олон нийтийн дунд хүлээлттэй байгаа хэдий ч энэ намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй юм байна. Тиймээс ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх үү, үгүй юу гэдгийг бүлгийн хурлаараа ярилцсан гэж тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэлсэн юм.
Түүнчлэн энэ долоо хоногт анхны хэлэлцүүлгийг нь хийхээр болсон Урт нэртэй хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд өмнөхөөсөө дордуулсан заалт орж ирвэл дэмжихгүй гэдэг байр суурийг илэрхийлнэ гэдгийг бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэллээ. Үүнээс гадна тус бүлэг Засгийн газар болон яамдууд мэргэшсэн төрийн албан хаагчийг ихээр халж байгааг эсэргүүцэж байгаа гэв. Тиймээс төрийн албан хаагчдыг халахгүй байх талаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ гэлээ.
Өршөөлийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй гэв | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.