УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулган энэ сарын 10-ны өдөр завсарлана. Намрын чуулган завсарлах дөхсөнтэй холбогдуулан 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Тодруулбал, УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд тусгуулахаар:
Монгол Улсын Ерөнхийлөгч 11;
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 13;
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 1;
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 5;
Төрийн байгуулалтын байнгын хороо 6;
Төсвийн байнгын хороо 8;
Эдийн засгийн байнгын хороо 7;
Хууль зүйн байнгын хороо 6 төсөл санал болгосон байна.
Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 35; Монгол Ардын намын бүлгээс 12; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 25, Засгийн газраас 60 гаруй төсөл санал болгожээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Ганбат, Х.Болорчулуун нараас найман санал тусгайлан ирүүлсэн байна.
УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд; УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүд; өргөн мэдүүлээгүй боловч УИХ-ын даргын захирамжаар төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр хугацаа заасан төслүүдийг жагсаалтад нэр зааж тусгах зарчим баримталсан гэдгийг тус байнгын хорооны дарга А.Бакей онцолсон юм. Мөн тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн УИХ-ын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй хэмээн үзжээ.
Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлэгдсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа аж.
Байнгын хорооны даргын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Худалдааны тухай хуулийн төслүүдийг, УИХ-ын гишүүн С.Баярцогт Төрийн албаны тухай, Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Казиногийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг жагсаалтад нэмж оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
Ирэх хаврын чуулганаар 200 орчим асуудал хэлэлцэх санал оруулжээ | ||
Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.