Шууд Chart

Урт нэртэй хуулийн журамд нэмэлт оруулах төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав

2015-02-03 15:54:37

Өнөөдөр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж урт нэртэй хуулийн журамд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “ заавал усан сан бүхий газрын хамгаалалтын бүсэд байгаа ашиглалтын лицензийг сэргээж олгох гээд байгаа нь ямар учиртай юм бэ. 200 метр дотор гол мөрний эхийг хөндөх ёсгүй. Гол, мөрний усны эхийг хамгаалах ёстой” гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Г.Уянга, “энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхэд тодорхой тоо баримт бэлдэж оруулж ирэхийг Уул уурхайн сайдад анхаарууллаа. Тэрээр, хичнээн лицензийг хэдэн компани эзэмшиж байгаа, хэд нь гадаадынх, хэд нь дотоодынх, хэд нь хамтарсан болон үүнээс хичнээн төрлийн, хичнээн хэмжээний ашигт малтмал хилээр гаргаж байгаа, орлогыг нь яаж тооцож авдаг, хэн хариуцдаг гээд энэ бүх талаар Засгийн газар дээр ярьж, чуулганд мэдээлэл өгөх хэрэгтэй гэв.
 
Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, энэ хуулийн төсөл хоёр жил бус олон жил яригдсан асуудал. Иймд байнгын хороо энэ асуудалд асар хариуцлагатай хандах ёстой. Ялангуяа байгаль орчныг хамгаалах асуудал дээр мэргэжлийн байгууллага, яам ач холбогдол өгөх хэрэгтэй. Нөхөн сэргээлт, нөхөн төлбөрийн олон төрөл дутуу орхигдсон байгаа. Иймд ажлын хэсгийн саналыг буцааж, бүлгүүд дээр дахин ярилцаж саналаа нэгтгэх шаардлагатай байгаа тул асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулах нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн дийлэнх нь дэмжлээ. Ингэснээр урт нэртэй хуулийг дагаж мөрдөх тухай журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийн шатанд түр хойшлуулахаар тогтлоо.
Нийтэлсэн: О.Энхмаа

Урт нэртэй хуулийн журамд нэмэлт оруулах төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав  
Үзсэн: 1162 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй